Пакистанд үйлдвэр нурж, 19 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСЛАМАБАД. /NHK/. Пакистаны зүүн нутгийн Лахоре хотын ойролцоо орших үйлдвэр нурсны улмаас 19 хүн амиа алдсан бөгөөд хэдэн арван хүн нурангид дарагдсан байна гэж тус улсын эрх баригчид мэдэгдэв.
Гурван давхар уг үйлдвэр нурах үед дотор нь маш олон хүн байсан байна. Уг үйлдвэр хуванцар уут үйлдвэрлэдэг байжээ.
Нурангад дарагдсан гэж үзэж байгаа хэдэн арван хүнийг аврахаар албаны хүмүүс ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллагаанд армийн цэргүүд дэмжлэг үзүүлж байна.
Одоогийн байдлаар 100 орчим хүний амийг аварчээ. Нурангад гацсан 30 гаруй хүний байрлалыг тогтоохын тулд аврах албаныхан дулаан мэдрэгч ашиглаж байна.
Барилгын гуравдугаар давхарт хийгдэж байсан засварын ажлаас болж барилга нурсан байж магадгүй гэж албаны хүмүүс үзжээ.
Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн том осол Пакистанд гарч байна. 2012 онд тус улсын Карачи хот дахь оёдлын үйлдвэрт гал гарсны улмаас 280 ажилтан амиа алдсан билээ.
Д.Нямтулга