Гамшгаас хамгаалах сургууль амжилттай явагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-25 21:20:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга, ОБЕГ-ын даргын хамтын ажиллагааны гэрээний дагуу Говь-Алтай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль амжилттай болж өнгөрлөө. Газар хөдлөлтийн гамшгийн үед мэргэжлийн анги байгууллагууд хэрхэн ажиллахыг зааж дадлагажуулан, иргэд олон нийтийг аюулгүйн бүсэд нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанууд хийгдсэн байна.

Сургуулийн үеэр тус аймгийн Тайшир сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа. Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлийн бүсэд 30 гэр, 7 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд нийт 92 өрхийн 310 гаруй иргэн хамрагджээ. Дадлага сургуульд орон нутгийн удирдлагууд болон иргэд идэвх санаачлагатай ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцолж энэ удаагийн дадлага сургуульд онц үнэлгээ өгсөн байна.

                                                                                                                Ш.Цоодол

Related news