“Алтайн бахархал-2017” наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-25 21:37:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ онд Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэ хүрээнд саяхан Говь-Алтай аймагт “Алтайн бахархал-2017” наадам боллоо.
Наадмын арга хэмжээнд төр түмэндээ уран бүтээлээрээ үнэлэгдсэн уран үгийн их мастерууд соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв, Л.Пүрэвдорж, Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав, Б.Галаарид, Д.Дашдондов, Б.Дашзэвэг, төрийн шагналт Д.Норов, Ц.Бавуудорж, эрдэмтэн зохиолч Д.Урианхай гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, Д.Равдан тэргүүтэй 30 гаруй зохиолч, яруу найрагчид, жүжигчид болон зохиолчийн охин Л.Насанбаяр, Л.Насанбат нар оролцлоо. Тэд их зохиолч Ч.Лодойдамбын төрсөн гэрийн буурь “Янчилын ам” хэмээх газар зочилсны дээр Тайшир сум дахь “Зүүний манлай зохиолч Ч.Лодойдамба - Зууны манлай роман Тунгалаг Тамир” гэсэн бичээс бүхий гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж Тайширын УЦС-ын бүтээн байгуулалттай танилцлаа. Энэхүү хүндэтгэлийн наадмыг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр наадмын нээлтэнд оролцож их зохиолчийн ойн түүхэн ач холбогдлын талаар мэдээллээ. Наадмын талбайд зохиолч Ч.Лодойдамбын гэр музей болон Алтайгаар овоглодог зохиолчдын номын үзэсгэлэн гаргаж сурталчилгаа хийлээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн баяр, “Алтайн бахархал-2017” наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Ш.Тогтохбаяр түрүүлж, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан үзүүрлэлээ. Мөн зургаан насны морь уралдаж азарганд Хөхморьт сумын ААУ Ж.Анхбаярын цоохор, их насанд Баян-Уул сумын ААУ Б.Эрдэнэхуягийн буурал, соёолонд Хөхморьтын Н.Мөнх-Алдарын хээр, хязааланд Халиун сумын ААУ Т.Даваацэрэнгийн хээр, шүдлэнд Есөнбулаг сумын Б.Хоролсүрэнгийн хул, дааганд Дэлгэр сумын ААУ Б.Түмэннасангийн халиун даага тус тус түрүүллээ. Сурын харваанд эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Мөнхболд, эмэгтэйчүүдээс Завхан аймгийн мэргэн Л.Батбаяр, шагайн харваанд аймгийн гоц мэргэн Н.Ням-Осор ахлагчтай баг, цуваа харваанд аймгийн гоц мэргэн Н.Адьяабазар нар тэргүүллээ. Наадмын хүрээнд яруу найргийн цэнгүүн зохион байгуулж найргийн хур бууж, уран бүтээлийн гэгээн ертөнцөд уншигч, үзэгч олныг цэнгүүлсэн нэгэн үдшийг Алтайн ард түмэн зохиолч, найрагчидтайгаа хамт өнгөрөөлөө.

                                                                                                                Ш.Цоодол

 

Related news