Г.Бат-Орхон:Орхон хонины цөм сүрэг ганцхан манайд л байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-27 14:52:10
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Тэртээ 1943 онд Төв аймгийн Жаргалантын САА-н Үнэгтийн контор нэртэй МАА-н ферм дээр тулгуурлан Орхон дахь хонь үржүүлгийн аж ахуй хэмээн байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Харин 1959 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Орхон сум байгуулагдсан байна. Тус сумын өнөөгийн Засаг дарга Г.Бат-Орхонтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу?
Сайн сайн. Та бүхэн сайхан намаржиж байна уу?
-Орхон сумын Засаг даргын албыг хашаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж амжуулсан ажил хийгээд таны харж буйгаар хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээс эхлээд л Орхон суманд шийдвэл зохих ямар асуудал байгааг өөрийн санаачилга бус иргэдийн санаа бодолд тулгуурлан үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан ажлаа эхэлсэн. Манай сумын хувьд шийдвэл зохих нэг асуудал нь бие засах газар. Цэцэрлэгийн хүүхдүүд, эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийг  гадаа гарч бие засдаггүй болгох. Үүнийг хийхийн тулд эдгээр байгууллагаа цэвэр, бохирын шугамд холбох ажлуудыг хийж байна. Суурин газрын соёл гэж байх ёстой. Тиймээс бохир, цэврийн шугам тавих ажлыг нэн тэргүүний зорилгоо болгож байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдчихвэл суурин газрын  хэмжээнд оччих болов уу. Хоёрдугаарт, манай төсвийн байгууллагын ерөнхий ажиллах орчин нөхцөл сайжирсан. Одоо дотоод боловсон хүч, хүний нөөцдөө анхаарна. Ингэж хэллээ гээд халаа, сэлгээ гэж ойлговол өрөөсгөл. Аль болох тогтвортой, мэргэшсэн байх талыг баримтална. Анхаарах асуудлын нэг энэ л дээ. Бас сумын дотоод ерөнхий тохижилтыг сайжруулъя гэсэн тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
-Сумандаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаасаа дурьдахгүй юу?
-2017 онд Орхон суманд улсын төсөв, орон нутгийн төсвөөс нийтдээ 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сургуулийн дээврийн их засварт 80 сая төгрөг тусгагдсан. Мөн Авто замын сангаас батлагдсан хөрөнгөөр 42 дугаар зөрлөгийн намагжсан гарам, “Шийр”-ийн бригад чиглэлийн намагжсан гармыг засварлахаас гадна  авто замын ажлыг гүйцэтгэнэ. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хүүхэд, залуучуудын тоглоомын талбайг орчин үеийн шаардлагад нийцсэн байдлаар тохижуулах ажил хийгдсэн.  Мөн 42 дугаар зөрлөгийн ногоочид маань усалгаатай тариалан эрхлэх болсон. Тэр нь худаг, тог цахилгаан их шаарддаг. Гэтэл одоо байгаа цахилгааны хүчин чадал муу. Тиймээс трансформаторынх нь хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Байгаль орчноо хамгаалах ажлыг ч орхигдуулж болохгүй. Бид өмнө нь нийтийн эзэмшлийн  газарт мод тарьдаг байсан ч үр дүнд хүрээгүй. Харин энэ жилээс хашаатай өрхүүдээ моджуулах ажлыг хийлээ. Хашаатай учраас мал орохгүй, дээр нь тухайн айл нь модоо арчилна гэж тооцсон. Мөн Орхон сум руу орох хаалган дээр хуучин сангийн аж ахуйн авто гарааш гэж байдаг. Тэнд моджуулах хөтөлбөрийн хүрээнд хоёр га талбайд хашаа барьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийлээ.
-Сэлэнгэ аймгийн эрт ургацын төмсний зах зээлийг Орхон сум тодорхойлдог. Ер нь нутгийн брэндээ нэрлээч гэвэл юуг хамгийн түрүүнд онцлох бол?
-Орхон сумын иргэдийн аж амьдрал мал аж ахуй, газар тариаланд түшиглэдэг. Тэр дундаа төмс, хүнсний ногооны тариалалт маш сайн хөгжсөн гэж хэлж болно. Манай сумын төмс, хүнсний ногоо хамгийн эрт ургацад ордог. Яг наадмын дараагаас эхлээд л эрт ургацын төмсөө хэрэглэгчдэд нийлүүлж эхэлдэг. Орхон сумын “Шийр”-ийн бригадаас хамгийн эрт ургацын төмс гардаг гэдгийг нийслэлд төмс, хүнсний ногооны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд андахгүй. Гэхдээ Орхон сумын брэнд гэдэг талаасаа төдийлөн танигдаагүй юм болов уу гэж бодож байна. Манайх бас “Орхон” үүлдрийн хониороо танигддаг. Үүлдрийг хүний оюуны бүтээл гэж үздэг шүү дээ.  1961 онд эх орны ууган үүлдрээр Орхон хонь  батлагдаж байсан.
Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэний дараа  хувьд шилжиж,  үйлдвэрлэг байдлаа алдах тохиолдол гарсан. Тиймээс нутгийн брэнд гэвэл Орхон хонь, эрт ургацын төмсөө нэрлэх байна даа. Гэхдээ тэдгээрийг брэнд гэсэн байдлаар сурталчлах ажил хүлээгдэж байна. Ирэх дөрвөн жилд “Орхон сумын брэнд” хөтөлбөрийг боловсруулахаар ИТХ-даа санал оруулсан, удахгүй шийдвэрлэгдэх байх. Миний бодлоор зах зээлийн харилцаанд олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байж, бүтээгдэхүүн, онцлогоо бусдад таниулж чадах учиртай. Орхон сумаас юу гарах боломжтой, брэнд нь юу байх юм бэ гэдгийг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр өөрсдийн нөөц боломжид тулгуурлан байнга сурталчилж байх ёстой юм болов уу. Орхон хонины цөм сүрэг ганцхан  манайд л байдаг.
-Эрт ургацын төмс хэрэглэгчдэд ямар замаар хүрч байна вэ. Худалдаа эрхлэгчид нь өөрсдөө ирээд авчихдаг уу?
-Эрт ургацын төмс “Шийр”-ийн бригадаас гардаг гэж би хэлсэн. Гэвч Орхон сум, “Шийр”-ийн бригадын төмс гэж төдийлөн зарлагдаад байдаггүй. Олон нийт ч мэддэггүй. Зөвхөн үр тариа бус, төмс хүнсний ногооны 800 орчим га талбай бий. Түүний ард тэр хэмжээний өрхийн амьжиргаа явдаг. Хамгийн эрт ургацын төмс, хүнсний ногоо хураахын тулд аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлддөг болсон. Бас давуу тал нь тариаланчид өөрсдөө машинд ачаад зах зээлд нийлүүлэх биш, худалдаа эрхлэгчид өөрсдөө ирээд  үнэ ханшийг нь тогтоочихсон байдаг юм. Түүнийг нь сум бодлогоор дэмжиж, сурталчилгааны ажлыг нь сайтар хийх хэрэгтэй байгаа.
-Орхон хонины цөм сүргийн тоо хэд байна вэ. Тоо толгойг нь нэмэгдүүлэх чиглэлээр ямар сумаас ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Одоогоор 17 сууринд 5000 гаруй Орхон үүлдрийн хонь бий. Нэг үеэ бодвол тоо толгой нь тасралтгүй өсч байна. 2005 оноос Орхон хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргах зорилготой Норвегийн мал аж ахуйн төсөл манайд хэрэгжсэн. Төсөл хэрэгжээд дууссан. Одоо “Амин зам” хэмээх ТББ тус төслийг үргэлжлүүлж байгаа. Төслийн хүрээнд жилд хоёр айлыг 50 эм хониор хангах бөгөөд үүлдэр угсааг нь хадгалахын тулд намар нь зохиомол хээлтүүлэг хийдэг. Эрлийзжүүлэх биш, цэвэр үүлдрийг нь хадгалах чиглэлд анхаарч байгаа хэрэг л дээ.
-Өнөөдөр танай суманд хичнээн мал байна. Бас бэлчээрийн даацын асуудал яригдаж л байгаа болов уу?
-Манай сум газар нутгийн хувьд харьцангуй бага. 130.6 мянган га талбайтай. Тэр дундаас 26 мянган га нь тариалангийн талбай. 9000 га нь хадлангийнх. Орхон суманд жилийн эцсийн тоогоор 106 мянган толгой мал тоологдсон. Харьцангуй жижиг талбайд нэлээд их тооны мал тоологдсон. Малын тоогоор Сэлэнгэ аймагтаа эхний тавд багтдаг. Газар тариалангийн бүс гэдэг утгаараа гадны сумдын малын механик өсөлтийг, нүүдэллэн ирж буй малчдыг хязгаарлах тал дээр тодорхой бодлого барьж байгаа. Орхон сум 86 мянган га бэлчээрийн талбайтай. Нэг га-д нэг хонь ногддог. Энэ дагуу 86 мянган хонин сүрэг байх ёстой. Гэтэл одоогийн байдлаар 106 мянган малтай болсон байна. Хонин толгойд шилжүүлвэл тэр нь 200 мянга болчихсон. Энэ тоо бэлчээрийн даац хэдий хэмжээгээр хэтэрснийг илтгэж байгаа юм. Нэгэнт Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс гээд зарлачихсан учраас малын тоо толгойгоо ямар нэг хэлбэрээр цөөлөх шаардлагатай гэж үзэж байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 
Ч.Отгонцэцэг
Related news