В.Рэнцэндорж: Аймгийн хэмжээнд дөрвөн сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-28 16:53:25
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өвлийн бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндоржоос тодруулж ярилцлаа. 
-Сайн байна уу? Говь-Алтай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Улс орон, аймаг, сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын мал аж ахуйн салбарын болон төв суурингийн өвөлжилтийн  бэлтгэл ажлыг хангах А/237 дугаар захирамж гарч бүх шатны  байгууллагуудад хүргүүлсэн. 
Төв суурингийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Аймгийн төвийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах үүрэг даалгаврыг шат шатны удирдлагууд болон сумдын Засаг дарга нараар хүргүүлсэн. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс аймгийн дулаан хангамжийн халаалтын системийн үйл ажиллагаа хэвийн эхэллээ. Одоогоор аймгийн төвд дулаан хангамжийн 3 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Зарим нэг хувийн хэвшлийн байгууллага, орон сууцнууд халаалтаа аваагүй байгаа. Иргэдийн гомдол саналыг шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан, дулааныг чирэгдэлгүй өгөх үүрэг чиглэл хүргүүлээд байна. 
Мөн аймгийн хэмжээнд цахилгаан хангамжийн байгууллагууд хэвийн ажиллаж байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн хэмжээнд “0” зогсолт хийж өвөлжилтийн бэлтгэл ажил, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажил үйлчилгээгээ явууллаа.  Өвлийн бэлтгэл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хүндрэл бэрхшээл одоогоор гараагүй байна. 
-Хөдөө аж ахуйн чиглэлийн бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна. Өвс тэжээлийн нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад ОБЕГ, ХХАА-н яамнаас тодорхой чиглэлүүд ирсэн. Энэ жил улсын хэмжээнд цаг уурын байдал хүндэрч магадгүйг анхааруулж байгаа. Аймгийн хэмжээнд цаг уурын байгууллагаас бидэнд тодорхой мэдээллүүдийг ирүүлж байна. Үүнтэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэл хангах, тэр тусмаа малчдад хүндрэл бэрхшээл тохиолдсон үед өвс тэжээлээр хангадаг учир нөөц бэлтгэх ажлыг төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгсөн. Ер нь Засгийн газрын шийдвэрээр аймаг бүрт 200 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэхийг шаардсан. Одоогоор нийт 210 тонн өвс, 25 орчим тонн тэжээлийн нөөц бүрдсэн байна. Аймгийн Онцгой комисс хуралдан тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөн нөөцийг нэмж бүрдүүлэхээр хөдөө аж ахуйн газруудад үүрэг чиглэл өгөөд байна. Цаг агаарын хүндрэл бэрхшээл гарвал малчдыг бэлчээрийн нөөцтэй байлгах үүднээс сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн отрын бүс нутгуудыг сум, аймгийн хэмжээнд хуваарилж, бусад аймаг сумуудтай харилцан тохиролцож бэлэн байлгах чиглэл өгсөн. Уг ажилд орон нутаг болон улсын төсвөөс тодорхой хөрөнгө тусган уст цэгүүдийг /худаг/ гаргахаар тендер зарлагдан хийгдэж дуусах шатандаа явж байна. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 83 уст цэг, сум бүрт 2-3-ыг гаргахаар төлөвлөн ажиллалаа. Мөн одоогийн байдлаар аймгийн төсвөөс 5, улсын төсвөөр 8 худгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. 
Түүнчлэн сум тус бүр өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ёстой. Үүний дагуу нэг сум 50 тонн өвс, 20 тонн тэжээл бэлтгэсэн байх шаардлага тавьсан. Эхнээсээ ажлын биелэлтээ ирүүлээд байна. Өвөл цаг агаар хүндэрсэн тохиолдолд малчдыг эрсдэлээс хамгаалах, ямар нэгэн гамшигт байдал үүссэн тохиолдолд тухайн малчин хариуцлагатай бэлэн байдалд байхыг анхаарч байна. Улсын хэмжээнд өвс тэжээлийн нөөц муу байгаа. Тиймээс гаднаас тодорхой хэмжээгээр өвс, тэжээл авах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Манай аймгийн түвшинд ч тэр ОХУ, БНХАУ-аас өвс тэжээлийн нөөцөө татан төвлөрүүлэх боломжтой. 
-Энэ өвөл аймагт нийт хэчнээн толгой мал өвөлжих бол?
-Статистикийн мэдээгээр өнгөрсөн 6 сарын байдлаар Говь-Алтай аймаг нийтдээ 4,7 сая малтай гэж гарсан байдаг. Бид ХАА-н байгууллагаараа дамжуулан бүх нэгжүүдэд зах зээлд борлуулах малын тоог малчдаас хүлээн авах чиглэл өгсөн. Говь-Алтай аймагт энэ жил нийтдээ 700 орчим толгой мал бэлтгэгдэнэ гэсэн тоон үзүүлэлт гарсан. Тэгэхээр аймгийн хэмжээнд энэ өвөл 4 сая толгой мал өвөлжинө гэж ойлгож болно. Мөн малчдын хувьд мал, мах бэлтгэхтэй холбоотойгоор 700 орчим толгой мал зарж борлуулахад орон нутаг аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлагатай. Аймагт 2 махны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрүүдэд малчдаас махыг зах зээлийн ханшаар авах талаар нь хэлэлцэж байгаа. Аль болох орон нутагт газар дээрээс нь мал, махаа зах зээлийн ханшаар нь борлуулах боломж бололцоог хангахад анхааран ажиллаж байна. 
-Манай аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь мал аж ахуй болон газар тариалангийн бүтээгдэхүүн байдаг. Ургац хураалтын мэдээлэл өгөх нь зүйтэй байх?
-Энэ жил манай тариаланчид төмс, хүнсний ногоо, нарийн ногоог өмнөх жилүүдийнхээс илүү тариалсан. Саяхан уламжлалт “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Ихэнх нь цагаан идээ, төмс, хүнсний ногоо байлаа. Аймгийн хэмжээгээр ургац хураалт 60 орчим хувьтай байна. Удахгүй нэгдсэн дүн гарна. Энэ жил зарим газрууд гантай байснаас ургац алдсан явдал байгаа. Мөн хадлан тэжээл, өвс бэлтгэхэд учир дутагдалтай. Шарга, Чандмань сумаас орон нутгийнхаа өвснийхөө нөөцийг бэлтгэхэд анхаарч байна. 
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 

                                                                                                                         Ш.Цоодол
Related news