Японы уламжлалт “Соба” хоолны баяр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2017-10-07 15:56:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Монголын Агрокультур Делелопмент групп” ХХК, Япон улсын “Соба хоолны холбоо” Кронэ ресторан, ХХААХҮЯ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Монголд анх удаа зохион байгуулж буй Японы уламжлалт гараар хийсэн “Соба” /гурвалжин будаа/ хоолны баяр өнөөдөр эхэллээ.

Соба хоолны баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Япон улсаас Монгол Eлсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээ, Японы "Соба" хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи нар бол бусад зочид төлөөлөгч нар оролцов.



Соба хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи энэ үеэр “Япончууд бидний дэлхийд гайхуулан бахархаж ирсэн япон хоолны соёл бол 4 улирлын байгалийн үзэсгэлэн болон тухайн улирлын шинэ хүнсийг ашиглан хоолыг урлаг болгон хөгжүүлж ирсэн эрүүл зөв хооллолтын хэв маягтай юм. Энэ нь гадаад улс орнуудад өндрөөр үнэлэгдэж 2013 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд “Вашокү” буюу япон хоол хэмээн бүртгэгдсэн байдаг. Уг япон хоол гэсэн нэрийг төлөөлж "Соба" буюу гурвалжин будааны гоймонгийн хоол багтсан. Эдогийн үеэс эрүүл мэндэд ач тустай хоол гэдгээрээ манай ард түмний дунд өргөн дэлгэрч бид бүхний хайрлаж хадгалж ирсэн уламжлалт хоол юм. "Соба" хоолны баярын зорилго нь Монголын ард түмнийг "Соба" гурвалжин будаанд илүү сонирхолтой болгох, Монгол дахь гурвалжин будааны тариалалтыг нэмэгдүүлэх юм.  Түүнчлэн дотоодын хэрэглээг тэлэхэд хувь нэмэр болно хэмээн найдаж байна” хэмээв.

Нийслэлийн ХХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн дарга А.Цэцэгээ “Монголд анх удаа Японы уламжлалт аргаар хийсэн Соба хоолны баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Соба хоолны гол бүтээгдэхүүн нь гурвалжин будаа байдаг. Манай улсад тарьсан гурвалжин будаагаар японы уламжлалт аргаар хийдэг 40 гаруй төрлийн хоолыг хийж байна. Гурвалжин будаа нь хүний эрүүл мэндэд маш их эерэг нөлөө үзүүлдэг” гэлээ. 



Соба хоолны баярыг зохион байгуулахаар Япон улсын "Соба хоолны холбоо" /Зенмэнкёо/ -ны төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард ирж бэлтгэл ажлаа хангасан. Өнгөрсөн удаад хамгийн өндөр зэрэгтэй соба хоолны гурван мастер ирсэн бол энэ удаад нийт 40 орчим тогооч уг баярыг Монгол улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирээд байгаа аж.

Соба хоолны баяр Үндэсний Циркийн зүүн өргөтгөл дэх "Кроне Браухаус" ресторанд маргааш мөн үргэлжлэх бөгөөд гурвалжин будааны гурилаар хийсэн япон болон монгол хоолыг танилцуулах, худалдаалах юм.   



Сонирхуулахад, Соба хоол нь анх Хятадаас эхлэлтэй бөгөөд Юнань мужийн зүүн Төвдийн бүс нутагт тариалж эхэлсэн гэдэг. Хятадаас “Торгоны зам”-аар дамжин Европт хүрснээр дэлхий даяар хэрэглэдэг хүнс болсон юм. Японд 3000 жилийн өмнөөс орж ирсэн. Соба буюу гурвалжин будаа нь хураалт хүртэл богино хугацаанд бүрэн гүйцэд боловсордог тул цагаан будааны ургац багатай жил орлуулах зорилгоор тарьж ирсэн байдаг. Гурвалжин будааг гоймон болгож хэрэглэх болсон нь 1500-аад оны хагасаас гэж үздэг. 2015 оны судалгаанаас үзэхэд Япон улсын гурвалжин будааны хэрэглээ нь ойролцоогоор 135,000 тонн, үүнээс дотооддоо 35000 тонныг тариалдаг ба үлдсэн 100,000 тонн-ыг гаднаас импортолдог байна.
 
Н.Туяа
Related news