Филиппиний Марави хотыг босогчдоос чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-17 18:32:40
МАРАВИ. /АП/. Марави хотыг босогчдоос чөлөөллөө гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнөөдөр мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.

Энэ оны тавдугаар сард лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийн Филиппин дэх жигүүр болох “Абу-Сайяф” бүлэглэлийнхэн Марави хотын шоронгууд руу халдан олон хоригдлыг оргуулж, хотын зарим хэсэгт хяналтаа тогтоосон юм.

Филиппиний цэргүүд тэр үеэс хойш ажиллагаа явуулсны эцэст 1000 орчим босогчдыг устгаж, хотыг чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч Р.Дутерте өнөөдөр Марави хотод цэргүүддээ хандан үг хэлэхдээ “Марави хотыг террористуудаас чөлөөлснийг би энд баяртайгаар зарлан тунхаглаж байна” гэжээ.

“Абу-Сайяф”-ын толгойлогч Иснилон Хапилоныг устгаснаа тус улсын армийнхан өчигдөр мэдэгдсэн юм. Тэрбээр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай этгээдүүдийн жагсаалтад байсан бөгөөд түүний толгой 5 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ. Америкийн хэд хэдэн иргэнийг хулгайлсан, террорист халдлага үйлдсэн гэх үндэслэлээр түүнийг АНУ-ын Засгийн эрэн сурвалжилж байсан аж.
Г.Доржханд
 
Related news