Москвад сурч буй Монгол оюутнуудын дунд нөхөрлөлийн аян зохион байгуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-18 14:43:44
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотод сурч буй Монголын оюутан залуусын сайн дурын нэгдэл "Ле Мон" клуб жил бүрийн намар тус хотод сурч буй оюутан залуусаа нэгтгэх зорилгоор зохион байгуулдаг Нөхөрлөлийн аян "100 рубльтэй байснаас 100 найзтай байцгаая" уриан дор болж өнгөрлөө.
Москва хотын М.Горькийн нэрэмжит соёл амралтын хүрээлэнд болсон энэ намрын Нөхөрлөлийн аянд 50 орчим залуус оролцов. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, шинэ танилтай болж, харилцан мэдээлэл солилцон нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй өнгөрөөлөө хэмээн аянд оролцогсод сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монголын 1000 гаруй оюутан суралцдаг тус хотод жил бүр 500 орчим оюутан шинээр ирдэг  мэдээ бий.
Тиймээс шинэхэн оюутан дүү нараа зөв чиглүүлж, тэдэнд урам зориг хайрлах нь аяны бас нэгэн зорилго хэмээн зохион байгуулагчид онцлов.
"Ле Мон" клуб Москва хотод сурч хөдөлмөрлөдөг Монгол оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой 2013 онд байгуулагдсан аж. Энэ хугацаанд урлаг, спорт, соёлын арга хэмжээ, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ.
Түүнчлэн оюутнуудын суралцаж буй мэргэжил, сонирхлын дагуу дэд клубууд байгуулан ажилладаг тус клуб таван жилийн ойгоо угтан оюутан залуусын хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Л.Нандиа
 
Related news