Орон сууцны нэг шоо метр талбайг мянган төгрөгөөр түрээслүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 12:02:49

Төрийн албан хаагчид орон сууцныхаа нэг шоо метр талбайд 1000 төгрөгийн түрээс төлөхөөр болжээ.

Дундговь аймгийн ЗДТГ төрийн албан хаагчдад түрээсээр эзэмшүүлэх зорилгоор орон сууц худалдан авсан бөгөөд үүнийг 6 төрийн албан хаагч түрээсэлж эхлээд байгаа юм. Орон нутгийн өмч түрээслүүлэх журмаар төрийн албан хаагчид орон сууцныхаа нэг шоо метр талбайд 5 мянган төгрөг төлөхөөр байгаа боловч энэ нь нийт дүнгээрээ өндөрт тооцогдож байгаа тул төрийн албан хаагчдыг дэмжих зорилгод нийцэхгүй гэж үзэн ийнхүү түрээсийг нэг мянган төгрөгөөр тооцохооор болсон гэж ЗДТГ-ын дарга П. Бямбалхагва хэллээ. Ингэж тооцоход төрийн албан хаагчид сар бүр 50 гаруй мянган төгрөгийг орон сууцныхаа түрээсэнд өгөх юм.

Анх төрийн албан хаагчийг орон сууц худалдан авахад нь зориулж 10 сая төгрөгийг буцалтгүйгээр дэмжлэг болгон өгнө гэж орон нутгийн орлогоос 300 сая төгрөгийг ИТХ- аар батлан, 30 төрийн албан хаагчийг энэ дэмжлэгт хамруулахаар шийдэж байсан. Гэвч тендэр нэг бус удаа хүчингүй болж, Сангийн яамнаас дээрхи маягаар мөнгө зарцуулах нь төсвийн тухай хууль, дүрэмд нийцэхгүй гэдгийг сануулсан байдаг. Тиймээс 300 сая төгрөгийг  30 төрийн албан хаагчдад өгөх бус 6 орон сууц худалдан авч, төрийн албан хаагчдад түрээсээр эзэмшүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд ЗДТГ, театр, Нэгдсэн эмнэлэг, ХХААГ, Санхүүгийн дотоод хяналтын албанаас нийт 6 төрийн албан хаагчид орон сууцыг түрээслүүлж эхэлсэн нь энэ юм.

Түрээсийн гэрээг төрийн албан хаагчид бус тухайн байгууллагын дарга нар ЗДТГ- тай байгуулж, түрээсийн төлбөрийг сар бүр төрийн албан хаагчийн цалингаас суутган шилжүүлж байх ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news