Казах күресийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох бөхчүүд Астанаг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-26 12:08:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдах казах күресийн /казахын ард түмний үндэсний бөхийн барилдаан/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 5 бөх оролцохоор морджээ.

Уг тэмцээнд АНУ, ОХУ, Хятад, Австарли, Энэтхэг, Литва, Бельги, Камерун, Монгол зэрэг дэлхийн 40 гаруй орны бөх 55, 60, 66, 74, 82, 90, 100, +100 кг гэсэн жингийн ангиллаар зодоглох аж. Харин манай тамирчдаас 82 кг жинд спортын мастер Ц.Даваават, 90 кг жинд спортын мастер Б.Бат-Эрдэнэ, 100 кг жинд улсын начин Б.Серик, +100 кг жинд улсын начин Д.Анар, үнэмлэхүй жинд аймгийн хурц арслан У.Береке нар барилдахаар болжээ.
           
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд болсон "Дэлхийн бар-2017"  тэмцээнд олон улсын хэмжээний мастер, улсын начин Б.Серик эх орноо төлөөлөн барилдаж, шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан юм. 

Ө.Нурболат

Related news