Дэлхийн сонгодог бүтээлээр өвөл цагийн тоглолтын нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-03 14:46:14
Ховд/МОНЦАМЭ/ Төрийн Соёрхолт, Ардын Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт драмын театрын  80 дахь жилийн өвөл цагийн  уран бүтээлийн нээлтийн үйл ажиллагаа  боллоо.
Өвөл цагийн  уран бүтээлийн нээлтийн зориулан театрын гадна талбайд болсон "Улаан хивсний" ёслолын үеэр Соёлын тэргүүний ажилтан н.Хадхүү  Италийн сонгодог бүтээл болон “Изабел” дуугаар, театрын уран бүтээлчид “Бид театрынхан” дуугаа өргөн барьж, залуу уран бүтээлчдийн зүгээс  флаш моб бүжиг бүжив.
Мөн өвөл цагийн уран бүтээлийн нээлтэд оролцогчдод зориулан ерөнхий найруулагч С.Ариунжаргалын  удирдсан “Яруу дуурсахуй” сонгодог уран бүтээлийн концерт тоглолоо. “Яруу дуурсахуй” концертод У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг, Людвиг Ван Бетховены алдарт «Сарны сонат" зэрэг  сонгодог хөгжим, дуурийн 20 шилмэл уран бүтээлийг тоглож сонирхууллаа.
Аймгийн ХДТ-ын өвөл цагийн  уран бүтээлийн шилдэг найман уран бүтээл тусгай хуваарийн дагуу 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд долоо хоног бүрт  1-2  удаа  үзэгчдэд  хүргэх юм.
Мөн зохиолч Клод Маньегийн “Миний нууц” жүжиг, “Далан худалч” хөгжимт драм, “Эргэн дурсахуй” гурван үеийн хамтарсан концерт, “Аз жаргалын эрэлд” хүүхдийн дуурь, “Буратино ба алтан түлхүүрийн адал явдал” хүүхдийн жүжиг,  “Домгийн хэлхээ”  ардын дууны концерт, “Учиртай гурван толгой” дуурь зэргийг тус театрын уран бүтээлчид  тайзнаа амилуулахаар  төлөвлөсөн байна.
80 дахь  жилийн өвөл цагийн тоглолтын нээлтэд  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог  болон аймгийн  удирдах  ажилтнууд,  театрын ахмад уран бүтээлчид, иргэд хөдөлмөрчдөөс  бүрдсэн 100 гаруй зочин оролцсон юм.
   А.Бямбасүрэн
Related news