Бод мал алдагдах явдал гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-09 14:48:27
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн зун гантай байсны улмаас олон малчид нутагтаа өвөлжих боломжгүй болж зэргэлдээ аймаг сумдын нутагт отроор намаржиж, өвөлжихөөр явцгаасан байна.
Баян-Уул, Тайшир, Халиун сумын нэлээд малчин Завхан аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумын нутагт отроор яваа бөгөөд тухайн нутгийн малчид зөвшөөрөлгүй ирсэн гэсэн нэрийдлээр бод малыг нь хөөж туусны улмаас Баян-уул, Жаргалан, Тайшир сумын гурван малчны 90 адуу алдагдлаа гэсэн мэдээлэл аймгийн Цагдаагийн газар иржээ. Мөн тус аймгийн нутаг Шалын хоолой хэмээх газраас Баянхонгор аймгийн малчид бас л олон тооны адуугаа алдсан байна.
"Цагдаагийн газраас тухайн нутгуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, цаашид адуугаа бөөнөөр нь алсын оторт гаргах, хоньчлон хариулахын зэрэгцээ өвлийн идэш бэлтгэх ажил эхэлж байгаатай холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бид алдагдсан адууг эрж, хайж байна" хэмээн аймгийн Цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх мөрдөн байцаагч ахмад Ч.Лхашид мэдээллээ.
                                                                                                                           Ш.Цоодол
Related news