Говь-Алтайн бүх сум “Жи-Мобайл”-ын сүлжээнд холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-13 21:43:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Жи-Мобайл” компани Говь-Алтай аймгийн бүх сумын багуудад сүлжээгээ амжилттай хүргэж, ард иргэдэд үйлчилгээгээ улам ойртууллаа.
Хамгийн сүүлд гэхэд энэ намар Эрдэнэ сумын багууд тус сүлжээнд холбогдсон бөгөөд уг ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймаг орон нутгийн удирдлагууд, Эрдэнэ сумын ЗДТГ, G mobile компани хамтран гүйцэтгэж хөдөөгийн иргэдийн талархлыг хүлээж байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жи-Мобайл” ХХК богино хугацаанд Монгол Улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа, холбооны дэд бүтцийг монгол хүний гараар бий болгон, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн байна. Тус компани нь үүрэн холбооны зах зээл дээрх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж ажээ. 2012 оноос эхлэн аймаг, сумдаас цаашлан багт сүлжээгээ хүргэх зорилт тавин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн үр дүнд Эрдэнэ сумынхан ийнхүү найдвартай сүлжээнд холбогджээ.

Ш.Цоодол

                                                                                                                

Related news