АТГ-ын Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-13 21:54:57
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ажилласан байна.
 
Тэд удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянажээ. Ажлын хэсэг хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна орон нутгийн нөхцөл байдлыг судлан үнэлэлт дүгнэлт өгөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр зарим арга зүйн зөвлөмж, чиглэлийг газар дээр нь өгч ажилласан байна.
 
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Т.Ганзориг, Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн дарга Н.Дөлгөөн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасан нар АТГ-ын аймгийн Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Ш.Долгормаа, Н.Гүнд, Б.Тэгшбүрэн нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Дээрх гурван иргэн нь аймаг орон нутгийнхаа төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг хянах бөгөөд хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэрийг ил тод, нээлттэй болгох, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг бүрдүүлэх зэргээр хамтран ажиллах ажээ.
 

Ш.Цоодол

                                                                                                               

Related news