“Нийгмийн сүлжээ” сарын аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 16:34:36

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын санаачлагаар тус сумын иргэн 5 ам бүлтэй Ц.Пүрэвдулам, 11 ам бүлтэй Ш.Эрхэмбаяр нарын амьдрах орчинг сайжруулах, ажлын байраар хангах, амьдрах итгэл урам зоригийг сэргээх зорилгоор “Нийгмийн сүлжээ” сарын аяныг өрнүүлж байна.

“Нийгмийн сайн сайхны төлөө- Хамтдаа” уриатай уг аянд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиуд, Хөдөлмөрийн хэлтэс, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дэлхийн зөн ОНХХ, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллаж  байгаа ажээ. Аймгийн төвийн албан газар байгууллагууд аянд нэгдэн мөнгөн болон эдийн хандив өргөж өглөгийн гараа сунгаж байна.

Тухайн өрхүүдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд нөхөн хамруулах, хөдөлмөрийн насны гишүүдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлууд зохион байгуулж тэднийг шинэ гэр, хашаатай болгох юм байна. Аяны явц эрчимтэй өрнөж байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news