Хүн чулуун хөшөөг сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 12:13:42

Цагаандэлгэр сумын Соёлын төв өөрийн нутаг дэвсгэр дэхь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварласан байна.

Тус сумын 4- р багийн нутагт Түрэгийн үед холбогдох хоёр хүн чулуун хөшөө дурсгал байдаг бөгөөд үүнийг 2008 онд аймгийн хамгаалалтад авсан байдаг. Хөшөөг тойруулан хайсан хашаа хатгасан боловч мал амьтны хөл хорьж чадахааргүй хэт намхан тул нэг хөшөөг шөргөөж унагасан, нөгөө нь толгой хэсгээрээ эмтэрсэн байжээ. Энэ жил зохион байгуулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл тооллогоор ч  хүн чулуун хөшөөг яаралттай сэргээн засварлах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. Түүнчлэн Соёлын өвийн тухай хуулиар нутаг дэвсгэртээ байгаа түүх, соёлын дурсгалыг хадгалж, хамгаалж явах үүргийн дагуу Соёлын төвийн хамт олон ийнхүү хүн чулууг хөшөөг унасаныг нь босгож, эмтэрсэнийг нь эвлүүлж бүтэн болгожээ.

Соёлын төвийн эрхлэгч Б. Алдармаа хэлэхдээ, хүн чулуун хөшөөг огт эзэнгүй орхидоггүй. Ойр орчимд байнга нутагладаг малчин Н. Дэлгэрбилэгт өдөр тутмын хараа хяналтыг хариуцуулан гэрчилгээ олгосон байдаг. Тэрээр хүн чулууны бүрэн бүтэн байдалд ойр байгаагийн хувьд байнгын хараа хяналт тавьж, хэрвээ ямар нэг байдлаар эвдрэл гэмтэл учирсан байвал энэ тухай яаралттай мэдэгдэх учиртай гэлээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news