ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-19 18:21:19
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн  кампанит ажил албан ёсоор эхэллээ. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөрвөн жилийн өмнө Крымын хойг ОХУ-д нэгдсэн өдөртэй давхцаж буй юм. Тэмдэглэлт өдөртэй давхцаж буй учир сонгуулийн ирц сайн байхыг шинжээчид онцолж байна.
Сонгуулийн кампанит ажил эхэлснээр энэ сарын 27-оос 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл буюу 20-25 хоногийн дотор намаас болон бие даан нэр дэвшигч 300 мянган дэмжигчийн гарын үсэг, парламентад суудалгүй намаас нэр дэвшигч 100 мянган дэмжигчийн гарын үсгийг бичиг баримттайгаа хавсарган Сонгуулийн Төв комисст хүргүүлэх ёстой бол парламентад суудалтай намын нэр дэвшигч гарын үсэг цуглуулах шаардлагагүй аж.
 Одоогийн байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ 23 хүн мэдэгдээд буй. Тэдгээрийн дотор ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин, сэтгүүлч Ксения Собчак, Авлигатай тэмцэх сангийн тэргүүн Алексей Навальный, ЛДПР намын тэргүүн Владимир Жириновский, бизнесмэн Борис Титов, Яблоко намын тэргүүн Григорий Явлинский нар багтаж буй.
 Кампанит ажил албан ёсоор эхэлснээр сонгуулийн зохион байгуулалт болон бэлтгэл ажилд зарцуулах 14,9 тэрбум рубль Сонгуулийн Төв комиссын мэдэлд шилжлээ.
Л.Нандиа
 
Related news