Хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутагт 11 дүгээр сарын 15-нд хонины гоц халдварт цэцэг өвчин байж болзошгүй өвчний шинж тэмдэг илэрчээ.
Халдварт өвчний голомт анх зэргэлдээх Замын-Үүд сумын малчныд гарсан бөгөөд улмаар Эрдэнэ сумын Еншөөв багийн нутагт халдварласан байна. Аймгийн мал эмнэлгийн тасгаас тухайн өвчний дээжийг авч Улсын Мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэхээр явуулсан бөгөөд тус сумдын нийт 300 гаруй хонь өвчилснийг тогтоожээ.
Малын өвчин гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой байдлын хэлтэс, цагдаа, сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч тус суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан Замын-Үүдэд гурав, Эрдэнэ суманд гурав, Сайншанд суманд хоёр пост ажиллуулж хөрш Сүхбаатар аймгаас мал мах оруулахыг хориглоод байгаа юм. Харин халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулж шаардлагатай вакцин дутагдалтай байгаа талаар албаны хүн ярилаа.
Х.Эрдэнэбулган