Сайн үйлсийн аянууд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 15:01:31

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Нийгмийн түншлэлийн баг, Хүүхэд хамгааллын хамтарсан баг онц хүнд нөхцөлд амьдарч байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот өрхийн 77 хүүхдийн судалгааг гаргажээ.

Тус судалгаанд үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагуудад дээрх хүүхдүүдийг даалган өгсөн ба хичээлийн хэрэгсэл, дулаан хувцас зэргийг бэлтгэн өгсөн байна.

Мөн Нийгмийн түншлэлийн багаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  айл өрхүүдээр айлчилж, тэдэнд цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэж, аймаг сумын Сайн малчдад гэрээлэн ажиллуулах талаар санал бодлоо солилцжээ.

Жаргалант сумын хувьд энэ жилийг “Сайн үйлсийн аяны жил” болгон зарласантай холбогдуулан оны туршид олон бүтээлч ажлыг хийжээ. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнтэй, ажилгүй 6 ам бүл болох Н.Оюуныд “Зүүд биш л байгаа даа” хүмүүнлэгийн  арга хэмжээг зохион байгуулсан байна. Тодруулбал, Жаргалант сумын ЗДТГ, Нийгмийн түншлэлийн баг, Байдраг ахлах сургуулийн З.Өнөржаргал багштай Өсвөрийн улаан загалмайн бүлгэм хамтран тус төслийг хэрэгжүүлжээ. Тус ажилд сумын төрийн бус байгууллагууд оройлон оролцсон бөгөөд хандивын хүрээнд Гэрийн бүрээс, эсгий туурга, шалны хулдаас, өрхний өнгө, оосор бүч, хивс зэргээр гэрийг нь янзалж өгсөн байна. Мөн эсгий гутал 3 ширхэг, хувцас, 0-5 насны 3 хүүхдэд өвлийн куртка, бэлэг,  ширээ сандал, гурил будаа зэргийг бэлтгэж өгчээ.

Тус аянд хувь хүмүүс ч нэгдсэн бөгөөд малчин З.Цэнд-Аюуш 2 богийн мах, иргэн Ч.Бямбасүрэн 1 машин аргал, “Эмэгтэйчүүдийн холбоо” тэмээний ноосон хөнжил, “Ахмадын холбоо” цахилгаан тогоо, Нийгмийн түншлэлийн баг 50 мянган төгрөгний хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өгсөн байна.

Б.Мөнхзул

Related news