АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Шри Ланка улсын төлөөлөгчдийг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 09:57:17

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын Авлигын эсрэг хорооны комиссар, ноён Велхенаге Лал Ранжит Силва, тус хорооны тэргүүн даргын туслах, хатагтай Рувини Викратасинге нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо.

Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Танай улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

Шри Ланка улсын Авлигын эсрэг хорооны комиссар, ноён Велхенаге Лал Ранжит Силва олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. Тэрээр НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улс орондоо зохион байгуулах зарим арга хэмжээний талаар танилцуулсан юм. 

Ж.Батсайхан

Related news