"Их-20"-ийн уулзалтын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөсөн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-20 11:04:48

АНКАРА. /NHK/. Туркийн өмнөд нутгийн Анталья хотод болж байсан “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Лалын улс” бүлэглэл халдлага үйлдэхээр төлөвлөсөн байсан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.

АНУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг “Их-20”-ийн удирдагчид дээд хэмжээний уулзалтад оролцохоор Анталья хотод цугласан байсан юм.

“Лалын улс” бүлэглэл Анталья хот дахь үзвэр, үйлчилгээний байгууламж болон удирдагчдын байрлаж байсан зочид буудалд амиа золиослох халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бөгөөд уг мэдээллийг Туркийн прокурорын газрын эрх баригчид өгсөн гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр, 10 дугаар сарын 10-нд Анкарад болсон бөмбөг дэлбэлэх халдлагад хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр цуглуулсан цахим мэдээлэлд дүн шинжилгээ хийж байхдаа уг төлөвлөгөөний тухай олж мэджээ.

Анкарад болсон уг халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн гэж сэжиглэж байна.

“Их-20” дээд хэмжээний уулзалтын өмнөхөн буюу энэ сарын 6-нд Туркийн аюулаас хамгаалах хүчний эрх баригчид “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой 20 хүнийг Анталья хотоос баривчилжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр 13 мянган цагдаа ажилласан байна. Уулзалт болж байсан газрын ойролцоо ямар нэг халдлага болоогүй билээ.

Д.Нямтулга

 

Related news