Мьянмарын угсаатны зэвсэглэсэн хоёр бүлэг гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-24 17:52:14
МОСКВА. /РИА Новости/. Угсаатан хоорондын сөргөлдөөн хурцдаад байсан Мьянмарт угсаатны зэвсэглэсэн хоёр бүлэг ойрын үед гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурна гэж “Мьянмар Таймс” сонин мэдээлжээ.
 
“Араканы рохинжачуудыг аврах арми” нэртэй бүлэглэлийн үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжа босогчид өнгөрсөн оны есдүгээр сард нэг сарын хугацаатай гал зогсоож буйгаа мэдэгдээд байсан билээ.

Тус сонины мэдээлснээр, өчигдөр New Mon State Party /New Mon Төрийн нам/ болон Lahu Democratic Union /Лаху ардчилсан холбоо/ намуудын төлөөлөгчид Мьянмар улсын Төрийн зөвлөх Аун Сан Су Чи болон цэргийн ерөнхий командлагч Мин Аун Хлайнгтай уулзсан байна.

Мьянмарын цэргүүд болон буддын шашинтнууд рохинжачуудын тосгодыг шатааж, эрэгтэйчүүдийг нь хөнөөж, охид эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна гэх мэдээлэл өнгөрөгч зун олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ар араасаа хөвөрч байсан юм. Аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан ажиллагааг НҮБ “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж нэг бус удаа тодорхойлон мэдэгдэж, рохинжачуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нобелийн Энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чигээр удирдуулсан Мьянмарын Засгийн газраас шаардсаар байв. Харин Мьянмарын Засгийн газар уг цэргийн ажиллагаагаа “босогчидтой тэмцэх ажиллагаа” гэж тодорхойлсон билээ.
 
 
Э. Аянзаяа 
Related news