Худал мэдээллийн эсрэг дайн зарлахуй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-06 12:10:55
ЛОНДОН. /Экономист/. “Хуурамч мэдээ” ба Оросын мэдээллийн кампанит ажлуудын тухай бүгд л мэддэг билээ. Хүйтэн дайн оргилдоо хүрсэн үе буюу 1983 онд Зөвлөлтийг дэмждэг “Эх оронч” хэмээх жижиг сонинд нэгэн ер бусын нийтлэл хэвлэгдсэн юм. Тус нийтлэлд Пентагон ДОХ-ыг биологийн зэвсэг болгон ашиглахаар зориудаар бүтээсэн бөгөөд бусад улс орон, ялангуяа хөгжиж буй орнууд руу экспортолж өөрийн хяналтыг тэнд тогтоохоор зэхэж байгаа тухай баримт нотолгоо бий хэмээн бичсэн байна. Энэ нийтлэл гарснаас хойш хэдхэн жилийн дотор 50 гаруй орны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хэрхэн нөлөөлсөн тухай “баримтууд” дэлгэгдэж эхлэхтэй зэрэг буюу уг үйл ажиллагаа Facebook, Twitter, Google дээр ил болохоос ч өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнд мэдээллийн дайнд зориулсан тусгай анги нэгтгэл байгуулсан тухайгаа зарласан билээ. Тэрбээр “Мэдээллийн зөрчилдөөн бол үндсэн зөрчилдөөний нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнээс үүдээд Орос улс энэ асуудлаар дагнан ажиллах бүтэц зохион байгуулалттай болох талаар хүчин чармайлт гарган ажиллаж байна” хэмээжээ.

Интернет, сошиал медиа хурдацтай хөгжиж байгаа нь Нөлөөлөх ажиллагаа (НА), олон нийтийн үзэл бодолд зориудаар нөлөөлөх ажлыг улам амар хялбар болгож байна. Тухайлбал, Facebook-ээр хүн ямар төрлийн мэдээлэл цацна эргээд тийм төрлийн мэдээллээ хүлээж авдаг “цуурайт нөлөөллийн” шинж чанарыг нь ашиглан НА-г улам нямбай хэрэгжүүлдэг боллоо.

Facebook-ийн хийсэн тооцооллоор, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон түүний дараа Оросуудын ажиллуулдаг хуурамч мэдээллийн “үйлдвэр” гэгддэг “Интернет Судалгааны Агентлаг” гэх байгууллага 120 хуурамч Facebook хуудас ажиллуулж, 80 мянган нийтлэл байрлуулсан нь 29 сая Америк хүнд шууд хүрсэн байна. Like дарж, Share хийснээр нь хөөвөл энэ тоо 150 саяд хүрэх ба энэ нь Америкийн сонгуулийн насны хүн амын гуравны хоёртой тэнцэж байгаа юм. Тэдгээр ухуулга сурталчилгаа нь америкчуудын дундах соёлын сөргөлдөөнийг л өдөөхөд чиглэсэн байв. Оросын зүгээс иймэрхүү хэлбэрийн нөлөөлөх ажиллагааг Европт нийгмийн либерал хэм хэмжээнд харшилсан популист хөдөлгөөнүүдийг дэмжиж дэвэргэх маягаар бас явуулж байсан байна.

Гэвч бусад улс орны эсрэг нөлөөллийн ажиллагаа явуулдаг нь зөвхөн Орос биш юм. Жихадын хэт даврагсад, дайнд уриалан дуудаж байгаа улс орнууд болон гэмт хэргийн сүлжээнийхний хөлсний хакерууд ч бас ижил төрлийн аюул занал учруулж байдаг. Томоохон нийгмийн сүлжээний корпорациуд хуурамч мэдээлэл, худал сурталчилгааг илүү чадварлаг, хурдан таньж илрүүлэх технологи гэх мэтчилэн шийдлүүд олохоо амлаж байгаа боловч оросуудын арга тухай бүрт нь улам бүр нарийсч шинэчлэгдсээр байдаг. ДАРПА буюу Америкийн Батлан хамгаалахын судалгааны төслийн агентлагийн программын менежер асан, РАНД корпорацийг үндэслэгч Ранд Волцмэн “зорилтот хүчнүүд нөлөөлөх үйл ажиллагааных нь эсрэг хариу цохилт өгөх эсвэл өргөн хүрээнд тэднийг олон нийтэд ил болгоод эхлэнгүүт, Оросууд арга барилаа илүү хурдацтайгаар сайжруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл ингээд мэдээллийн дайны ‘зэвсэглэлийн өрсөлдөөн’ эхэлдэг юм” гэжээ.

Ирээдүйд “хуурамч мэдээ”-г хиймэл оюун ухааны тусламжтайгаар улам боловсронгуй болгон, хамгийн баталгаатай эх сурвалжтай, хамгийн өндөр мэргэжлийн ур чадвартай мэдээллийн байгууллага ч үнэн худлыг нь ялгахад хэцүү байхаар бүтээдэг болж магадгүй байна. Албан ёсны цахим хуудсууд, нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсууд хакердуулах өндөр эрсдэлд орж, улмаар хөрөнгийн бирж дээр уналт бий болгох, үймээн самуун үүсгэх, тэр ч бүү хэл улс орнууд хоорондоо дайн зарлах хэмжээнд хямрал мөргөлдөөнийг өөгшүүлэх нигууртай. 

Б.Амарсайхан
Related news