Хүндийн өргөлтийнхөн олимпийн эрхийн төлөө хүч үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-23 10:32:44

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Энэ сарын 28-ны өдрийг хүртэл зохион байгуулах энэ удаагийн тэмцээнд 100 гаруй орны 740 орчим тамирчид өрсөлдөж байна. Манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү нарын удирдлага дор 13 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн тэмцээн болж эмэгтэйчүүдийн 53 кг-ын С хэсэгт ОУХМ Г.Баасанжаргал, ОУХМ О.Баярцэцэг нар өрсөлдлөө. Энэ хэсэгт 14 тамирчин багтсанаас ОУХМ Г.Баасанжаргал огцом өргөлтөөр 73 кг, түлхэлттэй өргөлтөөр 84 кг, нийлбэр дүнгээр 157 кг өргөж 8-р байр эзлэв. Мөн ОУХМ О.Баярцэцэг огцом өргөлтөөр 68 кг, түлхэлттэй өргөлтөөр 85 кг, нийлбэр дүнгээр 153 кг-ыг өргөж, 11 дүгээр байр эзлэв.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг жингийн тэмцээнд ОУХМ А.Бум-Аюуш өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдийн 56 кг жингийн тэмцээн бямба гарагт болж, нийт 33 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ О.Чагнаадорж нийлбэр дүнгээр 235 кг-ыг (105+130) 25 дугаар байр эзэллээ. 

Манай багт 62 кг-д ОУХМ  Э.Мөнхдөл, 69 кг-д СДМ Х.Очирхүү, СМ Б.Оргилсайхан, 77 кг-д СМ М.Гантулга, СМ Ч.Очирхуяг, эмэгтэйтамирчдаас 52 кг-д ОУХМ Г.Баасанжаргал (C хэсэгт 8-р байр), ОУХМ О.Баярцэцэг (С хэсэгт 11-р байр), 58 кг-д ОУХМ А.Бум-Аюуш, 63 кг-д ОУХМ Г.Анужин, 69 кг-д ОУХМ М.Анхцэцэг, 75 кг-д ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Э.Билэгсайхан нар хүчээ сорьж байна.

Энэ ДАШТ-д эрэгтэйчүүд жиндээ эхний 29-д, эмэгтэйчүүд эхний 25-д орсон тохиолдолд олимпийн эрхийн оноо өгөх бөгөөд дүнг тэмцээний сүүлийн өдөр гаргах юм. Манай эмэгтэй тамирчид өнгөрсөн жилийн ДАШТ-д олимпийн эрхийн “В” нормативыг биелүүлсэн.

Д.Өлзий

Related news