Хоёр халдлагаас амьд үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-23 13:41:17

ПАРИС. /Sputnik/. Террорист халдлагад өртсөн анхны тохиолдол нь биш гэж Парисын “Батаклан” концертын танхимд болсон халдлагаас амьд үлдсэн, АНУ-ын иргэн хэлжээ. 2001 онд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт террористууд нисэх онгоцтой халдах үед тэрбээр Нью-Йоркийн Манхэттенд байжээ.

Парисын “Батаклан” концертын танхимд “Eagles of Death Metal” хамтлагийн тоглолтыг үзэж байсан, 36 настай тэрбээр хөлөндөө буудуулжээ. Аврах гарц руу хөлөө чирсээр хүрч, улмаар гудамжинд гарсан тухайгаа тэрбээр Францын “Le Monde” сонинд ярьсан байна. “Үхсэн мэт жүжиглэсэн. Гарандаа буудуулснаа мэдэрсэн ч би хараагүй. Сантиметр сантиметрээр би урагшилсаар гарцын ирмэгт гар хүрсэн” гэж хэлэв.

Ойролцоо амьдардаг, “Le Monde” сонины сэтгүүлч Даниэль Пенни түүнийг олжээ. 89 хүнийг хөнөөсөн террористууд үзэгчид рүү халдаж байх хооронд барилгаас үсрэн гарч ирсэн хүмүүсийн бичлэгийг Даниэль хийсэн байна.

Хамгийн сонирхолтой нь овгоо хэлэхээс татгалзаж, өөрийгөө Мэтью гэж нэрлэсэн тэрбээр өмнө нь террорист халдлагаас амьд үлдсэн азтай нэгэн юм.

2001 онд Дэлхийн худалдааны төвийг нисэх онгоц мөргөх үед тэрбээр доод зам дээр нь явж байжээ. “Би Манхэттений бараг талыг гүйж туулсан. Гэвч “Батаклан”-д миний харсан зүйл түүнээс мянгантаа дор байсан” гэж тэрбээр эргэн дурсав. 7 дугаар сард Мэтью гэр бүлийн хамт Парис руу нүүсэн байна.

Х.Аминаа
 

 

Related news