Мексикт цацраг идэвхт бодистой сав хулгайд алдагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-10 12:11:03
МЕХИКО. /Спутник/. Баасан гарагт буюу өчигдөр нэгэн автомашинаас цацраг идэвхт бодистой сав хулгайд алдагдсантай холбоотойгоор Мексикийн долоон мужид түгшүүр зарлажээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, хулгайд алдагдсан цацраг идэвхт бодис бүхий савыг Мексикийн Гуанахуато, Керетаро, Халиско, Мичоакан, Сан-Луис-Потоси, Агуаскальентес  болон Сакатекас гэсэн долоо мужийн Иргэний хамгааллын газрынхан хайж байна. Саванд маш аюултай цацраг идэвхт бодис бий гэж тус газрынхан анхааруудж байна.

Мексикт сүүлийн жилүүдэд энэ төрлийн бодис хулгайд алдагдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, өнгөрсөн онд дээрхтэй адил хэрэг гарч, Нуэво-Леон, Коауила, Сакатекас, Тамаулипас  болон Сан-Луис-Потоси мужуудад түгшүүр зарлаж байсан аж. Цацраг идэвхт бодистой савыг олсноо тус улсын холбогдох албаны хүмүүс хожим нь мэдэгдэж байсан гэнэ.
Г.Доржханд

Related news