Ч.Мөнгөндалай дугуйгаар 136 хоног 5000 км зам туулаад гэртээ ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-24 09:22:30

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалайг угтан авах ёслол өнөөдөр 12 цагт МЗХ-ны байранд болно. 

Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 9-ний өдөр гарч, 136 хоногийн турш 5000 орчим км зам туулан гэртээ ирж байгаа нь энэ юм. Ингэснээр 2 жилийн хугацаанд дугуйгаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чаджээ. 

Тэрээр өнгөрсөн онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, суурин, 3 хилийн зурвасаар дайран өнгөрсөн байна. Түүний аялал ийн амжилттай өндөрлөснөөр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэж байна.

Түүний явсан газар бүрт МЗХ-ны салбар холбооныхон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээр дэмжлэг тусламж үзүүлж байсан юм. Аялах хугацаанд нь өлсөж цангахаас эхлээд хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулах гээд олон бэрхшээлтэй учирч байсан хэдий ч чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Ч. Мөнгөдалай харуулж чадлаа. 

Б.Туул

 

Related news