Завханы иргэд Сэлэнгийн Шаамар суманд цэцэрлэгжүүлэгчээр суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-22 18:10:16

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын 36 иргэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-д цэцэрлэгжүүлэгч, зөгийний аж ахуйн чиглэлээр суралцаж байна. Тухайлбал Завхан аймаг бүх сумаа эко ногоон сум болгох эхлэлийг өнгөрсөн 2017 онд тавьж энэ хүрээнд есдүгээр сард аймгийн Засаг дарга Д.Батсайхан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 24 сумын 36 хүнийг цэцэрлэгжүүлэгч, зөгийчин мэргэжлээр суралцуулж байна.
Эдгээр иргэдийн байр, хоол, сургалтын төлбөрийг Завхан аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлжээ. Ирэх хавар гэхэд Завханы 36 иргэн МСҮТ-ийг мэргэжлийн диплом үнэмлэхтэй төгсөж, сум бүртээ ногоон байгууламжийг бий болгох зөгийний аж ахуйг хөгжүүлэхэд гар бие оролцохоор болжээ. Мөн Завхан аймаг 2018 онд  "Миний гоё сум" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр 24 сумын төлөөлөл болох суралцагчид ирэх хавар сум бүртээ ногоон байгууламжийн мэргэжилтнээр ажиллах юм байна. Эдгээр иргэд мөн сум бүртээ хавар, намрын улиралд мод тарих үеэр арчилгаа тордолгоог хариуцах, нутгийн иргэд, хүүхэд багачуудад зааж сургах, сумаа ногоон болгох, эко орчин бүрдүүлэх ажлыг гардан чиглүүлж ажиллах ажээ. Харин зөгийний аж ахуйн чиглэлээр дагнан суралцаж буй хоёр иргэн Завхан аймагт анх удаагаа зөгийн аж ахуйг хөгжүүлж, завхан брэндийг бий болгоход гар бие оролцох аж. Мод тарих, ногоон байгууламжийг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулахын тулд мэргэжилтнүүдээ бэлтгэх шаардлагатай. Тиймээс 60 жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-д Завхан аймгаас суралцаж буй эдгээр иргэд Завхан нутгаа ногоон аймаг болгох хариуцлагатай үүргийг хүлээж  байна. Мөн энэ төслийн хүрээнд залуучууд ажлын байртай болж, өрхийн амьжиргаа дээшлэхээс гадна өрх бүр, албан байгууллага бүр, цаашлаад сум бүр ногоон байгууламжтай болох боломж бүрдэнэ хэмээн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ.

Б.Мягмарсүрэн

 

Related news