Говь-Алтай аймгийн "Хөгжлийн форум" хоёр дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-02-28 11:22:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гарцыг тодорхойлох “Хөгжлийн форум-2018” чуулга уулзалт Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна.
 
Хоёр дахь жилдээ болж буй форум төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг онцолдог. Уг чуулган нь энэ удаад барилга-бүтээн байгуулалт, уул уурхай гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн өнгөрсөн онд орон нутагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг танилцуулах юм байна.

Нийслэлээс 1000 гаруй км алслагдсан Говь-Алтай аймгийн эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй.
Орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбараа аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй гэж тодорхойлдог. Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл гэвэл "Таяннуур"-ын төмрийн хүдрийн ордод түшиглэж “Алтайн хүдэр” компани үйл ажиллагаа явуулж байна. Хайгуул, ашиглалтын лицензийн тоогоор тус аймаг улсын хэмжээнд эхний тавд ордог. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт газар цөөнгүй байдаг учир аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэж үздэг. 
Говь-Алтай аймаг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтад найдах бус хувийн хэвшил, гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж, бололцоог эрэлхийлж энэхүү форум зохион байгуулдаг юм.
 
Э.Нарангэрэл
Related news