Малчдад отор нүүдлийн чиг гаргаж өгөхөөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-25 20:00:05

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан өнөөдөр аймгийн онцгой комисс хуралдав.

11 дүгээр сарын 16- наас хойш Дундговь аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч эрс чангараад байгаа юм. Цаашид цас нэмэгдэн орох цаг агаарын урьдчилсан мэдээтэй, хүйтний эрч ч улам чангарахаар байгаа нь энэ жилийн өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцлийг үүсгээд байна.

Тиймээс ойрын хугацаанд ямар ажил зохион байгуулж ажиллах талаар онцгой комиссын гишүүд ярилцсан бөгөөд юун түрүүнд цасны гарц хаана байгааг судалж, малчдад отор нүүдлийн чиг гаргаж өгөх хэрэгтэй гэж үзсэн байна.

Оторлож яваа өөрийн аймгийн малчдад төлбөр мөнгө нэхэлгүй хороо бууцаа эзэмшүүлж, аль болох нэгэндээ туслах сэтгэлээр хандахыг малчдад ойлгуулах, отор нүүдлээр явах боломжгүй, цөөн малтай өрхөд өвс тэжээл авахад нь дэмжлэг үзүүлэх талаар хэлцсэн бөгөөд цаашид отрын штаб байгуулах ч шаардлага гарч магадгүй тул ер нь цаг хүндэрсэн үед зарцуулах санхүүгийн тооцоог урьдчилан гаргаж байх хэрэгтэй холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Дундговь Т. Отгонтуяа

Related news