ИТХ-аар хэлэлцэх асуудлыг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 14:20:46

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 12 сарын 2-нд болно.

Хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны гурван жилийн ажлын тайлан, 2015 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл,  2015 оны орон нутгийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл, 2016 оны төсвийн төсөл, Эрүүл мэндийг дэмжих жилийн тайлан, аймгийн газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай шийдвэрийн төсөл,  аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хэлэлцэх асуудлын жагсаалтыг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболдод өргөн барилаа. Тэрбээр хэлэхдээ “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу шинэ оны төсвийн төслийг 12 сарын 25-нд багтааж УИХ-д өргөн барих ёстой. Түүнээс өмнө аймгийн ИТХ хуралдаж төсвийн асуудлаа шийдвэрлэсэн байх ёстой юм. Төсвийн хувьд  хоёр зүйлийг онцлон хэлэхэд улс орны эдийн засгийн байдал хямралтай байгаатай холбогдуулаад тэвчиж болох урсгал зардлуудыг хасаж тооцсон. Ирэх оны төсөв 2,4 тэр бум төгрөгөөр хасагдаж орж ирнэ. Өнгөрсөн жил орон нутагт 24 орчим тэр бум төгрөгийн зарлага гарч байсан бол энэ онд 22 тэрбум болгон бууруулах юм. Бид аль болох хүний орон тоог хасахгүй, өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулахгүй байх хэмжээнд төсвийн төслийг боловсрууллаа” хэмээсэн юм.

Ирэх онд зарцуулах 22,4 тэр бум төгрөгийн 10 тэрбумыг орон нутгийн төсвийн орлогоос бүрдүүлж, 12,4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас болгон авахаар тооцжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганболд аймгийн Засаг даргын өргөн барьсан асуудлыг 11 сарын 27-нд хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд 12 сарын 1-нд Ажлын хороодоор хэлэлцүүлэн 12 сарын 2-нд хуралдах хэлэлцүүлж ээлжит 12 дугаар хурлаар хэлэлцэн батлана хэмээгээд Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Ажлын хороодын гишүүдийн саналыг аль болох тусган хуулийн хүрээнд2016 оны төсвийг батална хэмээлээ. Тэрээр аймгийн Засаг даргын төсвийн тухай хэлсэн зүйлийг бататгаж, нэг хүн ч гэсэн ажил, орлоготой байвал тухайн өрхдөө төдийгүй аймаг орны амьдралд ч эерэгээр нөлөөлөх учраас төсөвт хавчигдан хэн нэгнийг ажлаас халахгүй байхад анхаарна гэлээ.

Б.Батчимэг

Related news