Мод бут, үр, үрсэлгээний худалдаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-01 09:22:39
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас бүх нийтээр мод тарих өдрийг угтан "Мод бут, үр, үрсэлгээний" худалдааг Сүхбаатар сумын төвд зохион байгууллаа.

Уг худалдаанд Сүхбаатар сумын найман багийн 11 мод бут тариалагч иргэн найман төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсон байна. Энд жимсний суулгац, ногооны үр, тасалгааны цэцэг, зөгийн бал, зөгийний жилий, булцуут цэцгийн үр, шинэ ургацын сонгино зэргийг худалдаалжээ. Хаврын тариалалтын эд ажил эхлэх гэж буй энэ үед цаг үеэ олсон сайхан ажил боллоо хэмээн иргэд ихээхэн талархаж байв. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар иргэд 800 мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна. Эл үйл ажиллагаа нь жил бүр уламжлал болон явагддаг бөгөөд жил ирэх тутам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа аж. Сүүлийн жилүүдэд жимсний мод, төрөл бүрийн цэцэг тарих иргэдийн тоо өсч байгаа гэнэ. Тухайлбал үхрийн нүд, мойль, нэрс, цацаргана, аньс, гүзээлзгэнэ, алим тариалагчид нэлээд нэмэгдэж байгаа ажээ. Харин нэг онцлог нь худалдаалж буй бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт ордоггүй өмнөх жилийнхээ ханшийг хадгалж байгаа гэнэ.  
Ч.Отгонцэцэг
Related news