Гадаадын улс орнууд руу аялах Хятад жуулчдын тоо эрс нэмэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-07 00:13:07
Бээжин /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 1-нд тохиодог олон улсын “Хөдөлмөрчдийн баяр”-ын өдрийг Хятад улс бүх нийтээр амарч, аялал зугаалгаар явж  өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрчдийн баярын үеийн аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцууллаа.
Статистик дүнгээс харахад, Хятадын дотоодын аялагчдын тоо 140 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улмаар дотоодын аялал жуулчлалын нийт орлогын хэмжээ 87.1 тэрбум юаньд хүрч 10.2 хувиар өссөн байна.
Мөн “Нийт аялагчдын 10 хувь нь гадаадын улс орнууд руу аялж, аялагчдын  эрс өссөнөөс гадна аялалд зориулах  зардал ч түүхэн дээд хэмжээнд хүрсэн” хэмээн  "Ctrip аялал жуулчлалын компан"-ийн мэдээлэлд дурджээ.
Шанхай, Бээжин, Гуанжоу, Чөндү, Шэньжэн, Нанжин, Ханжоу, Тяньжин, Чунчин, Ухань зэрэг хотод  өмнөх оны амжилтаа хадгалж аялагчдын тоогоороо эхний 10 байранд шалгарсан байна. Дээрх хотууд нь Хятадын аялал жуулчлалын зах зээлийн гол цөм нь юм. Нэгдүгээр зэрэглэлийн томоохон хотуудаас гадна 2, 3 дугаар зэрэглэлийн хот, төвийн болон баруун бүс нутгийн аялагчдын тоо ч хурдацтайгаар өссөн. Эдгээр бүс нутгуудын аялагчид нь цаашид аялал жуулчлалын зах зээлд чухал нөлөө үзүүлнэ хэмээн таамаглаж байна.   
Аялагчдын зардлын тухайд нэг аялагч дунджаар 2730 юанийг аялалд зарцуулсан дүн гарсан ба Харбин, Фүжоу, Шэньян, Вэнжоу, Далянь, Күнмин, Шанхай, Чунчин, Бээжин, Сиань, Ланжоу, Тяньжин, Жөнжоу, Хөх хот, Жинань зэрэг хотын аялагчид /дунджаар/ хамгийн их мөнгийг аялалд зарцуулжээ.
Аялалд зарцуулсан дундаж үзүүлэлтээр 1 дүгээр  зэрэглэлийн хот болох Шанхай 7 дугаарт, Бээжин 9-д жагссан байдлаас  харахад  2,3 дугаар зэрэглэлийн хотын аялагчдын эдийн засгийн чадамж улам бүр нэмэгдсэн нь ажиглагдана. Тухайлбал, Харбин хотын аялагчид хамгийн өндөр буюу 4050 юаниар  1 дүгээрт, Шэньян хотын аялагчид 3547 юаниар 3 дугаарт,  Далянь хотын аялагчид 3253 юаниар 5-д жагсав.
Тэгвэл аялагчдын хамгийн ихээр зорин очсон төлбөрт газруудад Шанхай-н “Дисней” парк, Бээжин хотын Хааны ордон, Э Мэй шань уул, Хуан Шань уул, Хонгконгийн “Диснэй лэнд”, Японы Универсал студио, Макао-гийн Шинь И зэрэг газрууд багтжээ. Харин төлбөргүйгээр үзэх боломжтой газруудад Ханжоу-н Баруун нуур, Шанхай хотын үзэсгэлэнт далайн эрэг, Бээжингийн Ши Чахай үзэсгэлэнт газар, Сямэнь-ий Гү Ланю арал, Нанжин-ий Жун Шаньлин бунхан, Чөнду хотын эртний гудамж, Хунань мужийн Фөн хуан эртний хот, Хайнан мужийн Сан Я хот, Юньнан мужийн Дали эртний хот зэрэг газрууд шалгарсан байна.
Амралтын үеэр Хятадын дотоодын аялал эрс нэмэгдэж, аялал жуулчлалын компаниудын ачаалал ихэсдэг учир нь гадаад улс орнууд руу аялахыг илүүд үздэг Хятад иргэд багагүй болоод байна. Амралтын үеэр хамгийн олон хүн аяласан гадаад улс орнуудын жагсаалтад Тайланд, Япон, Сингапур, Вьетнам, АНУ, Индонези, Малайз, Камбож, БНСУ, Филиппин, Австрали, Итали, Испани, Франц, Турк зэрэг улс багтсан байна.
Манай улсын хувьд аялал жуулчлалын салбарыг бодлоготойгоор хөгжүүлж , бусад улс орны туршлагыг судалж асар их ашиг олох боломж байгаа юм. 
А.Анхбаяр 

Related news