Ховд суманд үндэсний бичиг, үсгийн баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-07 20:44:53
 Увс /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг, үсгийн баярыг Ховд суманд энэ амралтын өдрөөр зохион байгууллаа. Тус баярт аймгийн 19 сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш нар оролцсон байна. Энэ үеэр аймгийн ИТХ-аар баталсан Монгол бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн сумдын тайланг сонсож, харилцан туршлага судласнаас гадна мэргэжлийн багш нар, иргэдийн дунд тод бичгийн олимпиад явуулжээ.

Тэрчлэн, төрийн албан хаагчид, мэргэжлийн бус багш нар, сурагчдын дунд монгол бичгээр унших чадварын уралдаан зохион байгуулж, иргэдийн дунд "Үндэсний бичиг, өв соёл" сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээн, цэнгүүн зохион байгуулсан байна.
Түүнчлэн, Улсын тэргүүний сумаар шалгарч байсан Ховд сумын орчинтой танилцах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд монгол бичгийн орчин хэрхэн бүрдүүлсэн зэргийг үзэж танилцан, монгол хэлний багш нар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Увс аймгийн Ховд сум нь үзэсгэлэн төгс байгалиараа алдартай бөгөөд Гоожуурын хүрхрээ болон вансэмбэрүү цэцэг, улаан номонд орсон нэн ховор амьтан болох ирвэс, янгир, аргал угалз зэргийг үзэхээр ирэх дотоод гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж.
Б.Батхүү
Related news