Баянхонгор аймаг “Торгон сүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-08 13:54:02
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлт"-ийн арга хэмжээнд оролцлоо.

“Мал аж ахуйн салбар бол манай ард түмний амьдрал, орлогын эх үүсвэр, үндсийн үндэс нь. Статистик тоо баримтаас харахад 2017 онд малын өвчний улмаас 13 аймгийн 44 суманд 15 мянга гаруй малыг зориудаар устгасан байна. Энэ бол малчдад томоохон хэмжээний хохирол шүү. Түүнээс гадна сүүлийн хэдхэн жилд малын өвчинтэй тэмцэх, өвчилсөн малыг устгах ажилд 10 тэрбум гаруй төсвийг улсын төсвөөс гаргасан байна. Энэ их хохирлоос урьдчилан сэргийлж, мал махыг эрүүл байлгаж экспортлох чухал шаардлага бидний өмнө байна” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. Мөн “Мал эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол хүн эрүүл байна” гэх зүй тогтлыг л хаа хаанаа ойлгох цаг болсон байна. Эрүүл Монгол хүн байя аа гэж бодож л байгаа бол малаа эрүүлжүүлэх ёстой гэдгийг сануулсан юм.
Жилийн ажлын хүрээнд цаашид тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын нэгний хооронд малаа тарих, угаалга туулга, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байх аж. Энэ ажил өмнө нь хийгддэг байсан ч эрчимжүүлэх шаардага зайлшгүй байгааг албаныхан хэлээд, малыг эрүүлжүүлэх ажил бол бүх нийтийн үйлс гэдгийг онцлоод "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлт"-ийг хийв.
Үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ХАА-н салбарын өнөөгийн байдлыг танилцуулсан юм. Тэрээр “Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод буй МАА-н салбарыг хөл дээр нь зогсоох, малыг эрүүлжүүлэх ажлыг Засгийн газар соргогоор харж, орон даяар бодлогын арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна. Баянхонгор тал талаасаа малын гоц халдварт өвчин гарсан бүсүүдээр хүрээлэгдсэн ч эрүүл бүсээ хадгалсаар байгаа аймаг. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний оны эхэн үе гэхэд 50 гаруй сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулаад байна. Орон нутгаас зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр Засгийн газрын бодлогоор хэрэгжүүлэх ажлууд нэмэгдэхээр энэхүү жилийн ажил маш амжилттай хэрэгжих боломж байна гэж харж байгаа”-г онцлов.
Баянхонгор аймаг Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй гол ажлуудаа мөн үеэр танилцууллаа. Аймаг орон нутгийн Хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр 100 сая төгрөгийн төсвөөр “Торгон сүрэг” хөтөлбөрийг Баянхонгор аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа аж. Зорилго нь, сумдын МЭҮТ-ийг түшиглээд мал сүргийн шилмэл омгийн цөм сүргийг бий болгож, малыг чанаржуулах ажил. Сум бүрийг шилмэл омгийн сүрэгтэй болгох тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар шилмэл омгийн 1000 гаруй хээлтүүлэгчдийг бэлдээд байгаа юм байна.
Мөн хөдөө орон нутагт залуу малчдын тоо буурсан, малчин болох сонирхолтой ч аймгийн төвд ажил төрөлгүй сууж байгаа залуучуудаа хамруулсан “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг Баянхонгор аймаг хэрэгжүүлж байна. ХНХЯ-ны сайдтай байгуулсан гэрээний үндсэн дээр 210 сая төгрөг, орон нутгаас 90 сая төгрөг, нийтдээ 300 сая төгрөгийн санхүүжилтаар тус ажлыг хийж хэрэгжүүлж байгаа аж. Хөдөө цөөхөн малтай, мал маллах сонирхолтой ч өөрийн өмчгүй, аймгийн төвд ажилгүй амьдарч байгаа залуучуудаас 100 өрхийг сонгон авч, малжуулаад байгаа юм байна. Энэ онд ч мөн тооны өрхийг малжуулахаар төлөвлөжээ.
                                                                                                                                            Б.Мөнхзул
Related news