Арвайхээрийн хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-10 06:36:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын Түгийн овооны хогийн нэгдсэн цэгийн техникийн нөхөн сэргээлтийг хийх сонгон шалгаруулалт маргааш болно.
Хогийн цэгийг хойд талдаа байрлуулсны улмаас салхи гарах бүрт цаас, гялгар уут зэрэг хог хийсч ирэх,  хог шатаах үед утаа униарт автах зэрэг асуудал байнга гарч, иргэдийн уур бухимдал, шүүмжлэлийн “бай” болдог. Тэгвэл энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр 87 сая төгрөг төсөвлөж, хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфиллийн аргаар цэвэрлэх ажил удахгүй эхлэхээр болж байна.
Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж хэлэхдээ “Энэ удаа зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийнэ. Биологийн нөхөн сэргээлт хийхэд 300 гаруй сая төгрөгийн зардал гарах учраас боломжгүй. Гэхдээ Арвайхээр ТҮК-ээс ногооны үр цацах зэрэг аж ахуйн арга хэмжээг авна. Ландфиллийн арга гэдэг нь хогоо гуу жалга руу түрж аваачаад дээрээс нь шороо хаячих ажил биш. Хогон дунд хий гаргадаг, тэсэрч дэлбэрэх аюултай хог байдаг учраас 20 см зузаан хогны дээр 10 см шороо хаях гэх байдлаар технологи нь нарийн байдаг” гэв.
Арвайхээр суманд 8991 гаруй айл өрх, 256 аж ахуйн нэгж, байгууллагаас жилд дунджаар 28728 м3 хог гардаг байна. Мөн 2017 онд “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн зам талбай, 11 багийн нутаг дэвсгэрт 5 удаагийн нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгуулж, 14603 орчим га талбайн 1.931 м3 хог хаягдлыг цэвэрлэн зориулалтын газарт зөөж булжээ.
Б.Батчимэг
Related news