АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-10 09:59:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф тэргүүтэй Фулбрайт хөтөлбөрийн залуу багш нар ажиллаж АНУ-д дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан, сурагч, иргэдэд үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөө өглөө.

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаасолон нийтэд зориулсан боловсрол, соёлын болон төслийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн боловсрол, урлагийн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг аж.

АНУ-д их дээд сургуулиуд мөн урт болон богино хугацааны хөтөлбөрт суралцахаар төлөвлөж байгаа оюутан залууст “Америкт суралцах 5 алхам” багц зөвлөгөөг өгч, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, оюутан сурагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариуллаа.
Мөн аймгийн музей, номын сан болон боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзаж танилцаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2004 оноос хойш АНУ-ын ЭСЯ-тай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ. Тус номын сан 2016 онд АНУ-ын ЭСЯ-наас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар боловсролын зөвлөгөөний төвийн үйл ажиллагааг явуулах албан ёсны эрх авсан бөгөөд орон нутаг ч ийм боломж байгааг ЭСЯ-ныхан дуулгав.
Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф тэргүүтэй Фулбрайт хөтөлбөрийн залуу багш нар орон нутагт дөрвөн жилд нэг удаа ажилладаг бөгөөд энэ удаа Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм байна. "Орон нутагт ажилласны үр дүнд хөдөө орон нутгаас АНУ-д суралцаж байгаа оюутан сурагчдын тоо нэмэгдэж байгаа, цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэдгийг хэлж байлаа.

Б.Гантуяа
Related news