Нүүрсний үнийг 60 ам.доллар болгох тохиролцоонд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-05-14 12:20:00
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөл энэ сарын 10-11-ний өдөр  "Чалко Трейдинг Хонконг” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар ээлжит уулзалтыг хийжээ.
Тус уулзалтаар 2017 оноос хойш хөдлөөгүй байсан нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.доллар болгож, одоогийн үнээс 70 центээр өсгөх тохиролцоонд хүрсэн байна.
Түүнчлэн "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг Чалкогийн тал дахин нягталж үзээд ТУЗ-даа танилцуулж, энэ долоо хоногт хариу өгөхөөр болжээ.
Мөн Чалко компанитай анх 2011 онд байгуулсан гэрээнд заасан зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалын дутагдалтай талуудыг засч, сайжруулах ажлын хүрээнд том ахиц гарч хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Тодруулбал, Нэг индексийг нэмж оруулснаар таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхлэх боломжтой болжээ. Ийнхүү таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхэлснээр индексийн сагсны итгэлцлүүрүүд дараах байдалтай болж өөрчлөгдөх юм байна. 

Өмнө нь

Одоо

Ø CR China Coking Coal Price Index (60%)
Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)
Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)
Ø Platts HCC 64 mid Vol, CFR China (10%)

Ø CR China Coking Coal Price Index (30%)
Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)
Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)
Ø Platts HCC 64 Mid Vol, CFR China (10%)
Ø Production areas Primary coking average (30%)

Өөрчлөлтийн үр  дүнд өмнө нь хараат шахуу байсан "CR China Coking Coal Price Index"  60 хувь байсныг 30 хувь хүртэл буурууллаа.

Ингэснээр зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, цаашид үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах, нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсч болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болгожээ.

Related news