Хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс хачгаар дамжих халдварын тандалт судалгааг энэ сарын эхээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд хийж гүйцэтгэжээ.
Хачгаар дамжих халдварын тандалт судалгаанд долоон цэгт газрыг хамруулан, 64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллуулсан байна. Тандалт судалгааны явцад H.asiaticum зүйлийн 123 хачиг, D.nuttalli зүйлийн 30 хачиг нийт 153 хачгийг дээжилж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүргүүлжээ.
Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээрийн малд хачиг хамгийн элбэг байдаг. Өнөөдрийн байдлаар 43 зүйлийн хачигт халдвар байдаг бөгөөд хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож тогтоогдоод байна.
Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин төдийгүй хачиг нь аалзны төрлийн амьтан аж. Тус халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг бөгөөд хачигт халдвар энэ үед ид идэвхжилтэй байдаг байна.
Б.Мөнхзул