Уул уурхайн олборлолтын ил тод байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 09:31:55

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд тус хэлэлцүүлэгт оролцож, компанийхаа танилцуулга мэдээллийг иргэдэд мэдээлж, төлсөн татвар хураамж, хийсэн бүтээн байгуулалт болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан ажлуудаа тайлагналаа.

Улмаар компаний өнөөгийн байдал, хийгдсэн нийт хөрөнгө оруулалтууд, техник технологийн дэвшил, ажиллагсадын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж ажилладгаа орон нутгийн холбогдох байгууллагуудад мэдээлэл өгсөн юм. Өмнөговь аймгийн дэд зөвлөлөөс энэхүү “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн дэд зөвлөлийн гишүүд, иргэний нийгмийн төлөөлөл болон орон нутгийн өмчит Таван толгой ХК, Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Оюу толгой, Саус гоби сэндс, Өсөх зоос, Терра Энержи компаниуд оролцсон юм.

Хэлэлцүүлгээс оролцогч компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн байгаль орчны нөхөн сэргээлт, нөлөөллийн сумдын ард иргэдийн өвлийн нүүрс түлээ бэлтгэх, ажилчдын орон байрыг шийдвэрлэсэн зэрэг ажлуудаас дүгнэн бодит хөрөнгө оруулалт биш гэж аймгийн дэд зөвлөлөөс үзсэн. Ер нв энэ хэлэлцүүлэг компаний үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох, уурхайнуудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх зорилготой. Эндээс гарсан санаачилгууд аймгийн дэд зөвлөлийн ирэх оны ажилд тусгагдана.

    Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

 

 

Related news