АХБ Монголд 60.8 сая долларын зээл олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-03 15:51:58

ТБИЛИСИ. /Finchannel/. Монголын зээлийн баталгааны тогтолцоог сайжруулах техникийн буцалтгүй тусламж болон 60.8 сая долларын зээлийг Азийн хөгжлийн банк /АХБ/ Монголд олгохоор болжээ. Ингэснээр Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкаас санхүүжилт авахад хялбар болох юм.

Монголын уул уурхайн салбар нь ДНБ-ийхээ 25 хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн түүхий эдийн ханшийн өөрчлөлтөд дэндүү эмзэг юм. Тиймээс уг тусламжийг уул уурхайн салбараас бусад жижиг, дунд бизнест зориулна гэж АХБ мэдэгдэв.

“Монголд бүртгэлтэй аж ахуйн бүх нэгжийн 90 гаруй хувь нь үйл ажиллагаа явуулж, тус улсын нийт ажлын байрны хагас орчмыг бүрдүүлж байгаа хэдий ч тэдэнд зээл авах асуудал хамгийн хүндрэлтэй байдаг бөгөөд энэ нь тэдний боломжит өсөлтөд саад болдог байна. Төрийн болон хувийн хэвшлийн баталгаагаар дамжуулан зээл авахад шаардагдах барьцаатай болоход энэ тусламж жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тус болох юм” гэж АХБ-ны Санхүүгийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн хэлэв.

ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 2012 оны 11 дүгээр сард байгуулагдсан Монголын зээлийн баталгааны сан нь үйл ажиллагааны чадавх, туршлага дутмаг зэрэг дотоод шалтгаан болон ЖДҮ-ийн дундах үйлчилгээний мэдлэг хязгаарлагдмал зэрэг гадаад шалтгааны улмаас бүрэн боломжоороо ажиллаж чадаагүй. Харин энэ удаад тус сангийн үйл ажиллагааг бэхжүүлэх замаар ЖДҮ эрхлэгчдэд урт хугацааны санхүүжилт олгох зорилгоор уг тусламжийг олгосон байна.

Монголын зээлийн баталгааны сангийн үйл ажиллагааг бэхжүүлснээр, ЖДҮ-ийн дэд төслүүдэд 432 сая доллар хүртэлх зээлийг олгоход дэмжлэг үзүүлж, зээлийн эрсдэлийн тодорхой хэсгийг баталгаажуулах сан байгуулах боломжтой болох юм.

Уг төсөл нь таван жилийн хугацаатай хадгаламжид зориулсан орон нутгийн зах зээлийг бий болгох болон эдгээр санхүүгийн хэрэгслийн аюулгүй байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, мөн урт хугацаатай банкны зээлд зориулсан хадгаламжийг бий болгох гэж буй хувийн хэвшилд дэмжлэг болох юм. Эмэгтэй бизнес эрхлэгчид, хөдөө орон нутгийн ЖДҮ-лэгчид болон уул уурхайн бус салбарын ажлын байр бий болгогчдыг чиглэн үйл ажиллагаа явуулж буй сангаас гаргасан баталгааны шинэ бүтээгдэхүүнийг ашиглахын тулд хугацаат хадгаламжийг байршуулахад санхүүгийн байгууллагын оролцоо шаардлагатай юм.

Уг 60 сая долларын тусламжийг АХБ-ны хөрөнгийн эх үүсвэрээс гаргаж байгаа бөгөөд уг төслийг 5 жилд хэрэгжүүлж 2021 онд дуусгана. 

Манилад төвтэй Азийн хөгжлийн банк нь Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг өсгөж, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт, бүс нутгийг нэгтгэх үйл явцаар дамжуулан ядуурлыг бууруулах зорилт тавьсан байдаг. 1966 онд байгуулагдсан тус банкийг 67 орон хамтран эзэмшдэгээс 48 нь Ази-Номхон далайн бүс нутгийнх юм. Өнгөрсөн жил тус банкны тусламжийн нийт хэмжээ 22.9 тэрбум долларт хүрсний 9.2 тэрбум долларыг хамтран санхүүжүүлсэн байна.

Д.Нямтулга

 

Related news