Он гарсаар Увс аймагт зургаан удаа ой хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-14 15:06:45
Увс /МОНЦАМЭ/. Он гарсаар тус аймагт ой хээрийн түймэр 6 гарсан байна. Тодруулбал, Түргэн, Улаангом, Бөхмөрөн сумдад ой хээрийн түймэр гарсан бол Сагил суманд гурван удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Энэ дагуу аймгийн ОБГ-ын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Өнгөрөгч 2017 оны мөн үед ой хээрийн түймэр 2 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилд 6 удаагийн ой хээрийн түймэр гарсан нь өндөр үзүүлэлт аж. Иймд иргэдийг түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөө хээр, ой модтой газар аялаж зугаалахдаа гал алдахгүй, анхаарал болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
“Ой хээрийн түймэр нь ургамал, амьтан төдийгүй хүн ам, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм. Иймд хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ жилийн тухайд аймгийн нийт нутгаар хур тунадас багатай, гантай жил болох тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” хэмээн аймгийн ОБГ-ын гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Д.Пүрэвжав мэдээллээ.
Б.Батхүү
Related news