“Northern Railways” төмөр зам тавих зөвшөөрлөө авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-04 15:26:18

ЛОНДОН. /worldcoal/. “Aspire Mining”-ийн охин компани “Northern Railways” Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тавих зөвшөөрлөө Монголын Засгийн газраас авсан байна. Төмөр замыг тавих гол ажлын нэг нь уг зөвшөөрөл юм.

Уг зөвшөөрлийг авснаар төмөр замын шугамыг тавихад шаардлагатай урт хугацааны зээл авах хэлэлцээрийг эхлүүлэх эрхтэй болохын зэрэгцээ төмөр замын дагуух газар нутгийг ашиглах гэрээг орон нутгийнхантай хийх боломжтой болж байна.

Мөн “Northern Railways”, Монголын Зам, тээврийн яам болон Монголын төмөр замын үндэсний оператор УБТЗ-аас бүрдэх комиссыг байгуулах эрхтэй болж байна. Комиссыг байгуулж, замын хөдөлгөөний удирдлагын протокол гаргах, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам аль цэгт одоо байгаа төмөр замтай холбогдох тухай хэлэлцэх юм.

"Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тавих ажилд Монголын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Концессын гэрээг байгуулснаас хойш гурван сар өнгөрлөө. Энэ хугацаанд гэрээнд заагдсан нөхцөлүүдийг бүрдүүлэх ажлууд хийгдэж, амжилттай явж байна. Мөн бид банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын томоохон байгууллагыг Монголд урьсан” гэж “Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирал Дэвид Пол мэдэгдэв.

Эрдэнэтээс Орос-Монголын хилийн “Арц суурь” боомт хүртэлх төмөр замыг өргөжүүлэн Монголын хойд нутгийн аймгуудыг төмөр замаар холбох бодлогын хүрээнд 574 км төмөр замыг тавих төслийг хэрэгжүүлж байна. Бүрэн үйл ажиллагааны үед уг төмөр замаар бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ерөнхий болон зорчигч тээврийн ачаа, тэр дундаа, ОХУ-БНХАУ хоорондын дамжин өнгөрөх ачаа гээд жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх боломжтой юм.

Монголын зүүн хойд нутаг дахь “Aspire Mining” компанийн “Овоот” ордын коксжих нүүрснийг уг төмөр замаар тээвэрлэн олон улсын зах зээлд гаргах юм.

Д.Нямтулга

 

Related news