Олны талархал хүлээсэн эмч, мэргэжилтнийг санал асуулгаар тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 21:56:49

Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос “Олны талархал хүлээсэн” эмч, эмнэлгийн ажилтнуудыг  тодруулах зорилгоор аймгийнхаа ард иргэдийн дунд цахим мэдээллийн сайтаар санал асуулга явуулж эхэлжээ.

Сарын хугацаатай үргэлжлэх дээрх санал асуулгаар эмч, сувилагч, тусгай мэргэжлийн ажилтан гэсэн 3 хүнийг тодруулах гэнэ. Олон нийт болон үйлчлүүлэгч рүү хандсан анхных болох дээрх шалгарулалтад  БОЭТ-ийн тасаг бүр шилдэг мэргэжилтнүүдээ сойж, нийт 31 хүний нэр дэвшжээ. Энэ 7 хоногийн Ням гарагийн 19 цаг хүртэл үргэлжлэх санал асуулгад  www.Dornod.net\BOETхаягаар зочилж хүссэн хэн ч оролцох боломжтой.

Оны эцэст байгууллага бүхэн шилдгээ тодруулахдаа хэдхэн удирдах ажилтнуудын хэмжээнд дүгнэдэг урьдын байдлыг өөрчилж, үйлчлүүлэгч олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулахаар бид шийдсэн. Анхных болохоор тэр үү нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн маш ширүүн байна гэж зохион байгуулагчид ярьж байсан.

Б.Туяа

Related news