Малын хулгайтай тэмцсэний үр дүн гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:26:36

Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо мэдээгээр өнгөрсөн 5 жилийн судалгаагаар Баянхонгор аймгийн хэмжээнд  мал хулгайлах гэмт хэрэг 195 бүртгэгдсэн байна. 2011 онд мал хулгайлах гэмт хэрэг 19 бүртгэгдэж байсан бол  2013 онд 70 бүртгэгдэж өссөн дүн гарчээ.

Харин 2014 онд мал хулгайлах гэмт хэрэг 36 бүртэгдэж, Цагдаагийн байгууллагад шалгагдсан байна. Энэ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, иргэд хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсаны үр дүн гэдгийг албаыхан мэдээллээ.

Тодруулбал, Иргэдийн санаачлагаар сум бүрт ажиллаж буй сайн дурын бүлгүүд мал хулгайлах гэмт хэргийг 48.5 хувиар буулгаж чаджээ. Тэгвэл энэ оны есдүгээр сард 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн дүн аж. Энэ нь малын хулгайчдын арга улам нарийсч, нийгмийн ядуурал бухимдал, хулгайн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болж байж болохыг албаныхан мөн онцолж байна.

Улирагч оноос Монгол Улсад анх удаа бод малд байршил тогтоогч төхөөрөмж /чип/ суулгах ажлыг Жаргалант, Өлзийт суманд, адуунд төхөөрөмжийг суурилуулж туршилт хийж буй. Мөн аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг үйлддэг болон үйлдэж болзошгүй 85 хүний дэлгэрэнгүй судалгааг сум тус бүрээр нь гарган, нэгдсэн сантай болж, хэсгийн төлөөлөгч бүрт хүргүүлэн үйл хөдөлгөөнд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Сонирхуулахад, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхээр Баянхонгор аймгийн ИТХ-аас малын хулгайн гэмт хэрэг их гардаг 14 сумыг авто машинаар хангасан. Мөн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, хэргийн газрын үзлэгийг хойшлуулшгүй нэн даруй хийх зорилгоор Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт бүрэн тоноглогдсон 1 автомашин хүлээлгэн өгч ажиллаж байна. Мөн мах худалдан борлогддог “Дэлгэрэх” зах дээр МХГХТХ-ийн албан өрөөг байгуулан, хяналт тавин ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул

 

Related news