Сансрын станцаас мэндчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2015-09-09 14:23:06

ТОКИО. /NHK/. Сансраас жижигхэн харагдаж байгаа дэлхийдээ санаа тавих хэрэгтэй гэж Японы сансрын нисгэгч Кимияа Юи хэлжээ.

Олон улсын сансрын станцад бусад найман нисгэгчийн хамт байгаа тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.

Японы “Kounotori 5” тээврийн хөлгийг Олон улсын сансрын станцад өнгөрсөн сард амжилттай залгасан тухайгаа тэрбээр дурдаж, автомат гартай сансрын хөлгийг холбосондоо баяртай буйгаа тэрбээр илэрхийлжээ. Мөн тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх амжилтад Япон хүрсэн гэх мэдрэмж төрсөн тухайгаа дурдсан байна.

АНУ болон ОХУ-ын сансрын тээврийн хөлөгтэй холбоотой хэд хэдэн осол гарсны дараахан буюу наймдугаар сарын 24-нд “Kounotori 5” хөлгийг сансар руу илгээсэн юм.

Сансарт нэг сар гаруй байх хугацаандаа олон олон нээлт хийлээ гэж Юи ярив. Тэрбээр Олон улсын сансрын станцад 12 дугаар сар хүртэл байх ажээ.

“Энд байх нь надад таатай байна. Дэлхий рүү буцаж явмааргүй л байна. Сансрын станц бол өөр өөр орны хүмүүс нэг зорилгын төлөө хамтран ажилладаг газар юм” гэж тэрбээр хэлжээ.

Сансрын гурван нисгэгчтэй ОХУ-ын хөлөг өнгөрсөн баасан гарагт Олон улсын сансрын станцад хүрсэн байна.

Д.Нямтулга



 

Related news
Comments