Уралын Их сургууль Монголд инновацийн төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-08 15:44:29

ЕКАТЕРИНБУРГ /ТАСС/. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн /ШУТИС/ сургалтын баазад тулгуурлан инновацийн төв байгуулахаар ОХУ-ын Уралын их сургууль /УИС/ төлөвлөж байна. Энэ тухай тус их сургуулийн проректор С.Кортов ярилаа.

“Манай төлөөлөгчид ШУТИС-д зочлох үеэр хамтарсан инновацийн төв байгуулах тухай санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд бид түүнийг нь дэмжсэн. Тус төв нь юуны өмнө Монголын, алс хэтдээ Хятадын зэрэг Ази тивийн төслийн болон инженерчлэлийн үйлчилгээний зах зээлд чиглэнэ. Тухайлбал, зарим төслийг хүдэр баяжуулах үйл явцыг судлах зорилгоор хэрэгжүүлнэ” гэж С.Кортов ярьж байна. 

Тэрбээр хэлэхдээ, “уг төвийн гол зорилго нь Оросын технологийг нэвтрүүлэх явдал” гэдгийг дурдлаа. Харин инновацийн шинэ төвийг чухам хэзээ нээх талаар тэрбээр тодорхой хариу хэлээгүй бөгөөд уг асуудлыг Монголын талтай хэлэлцэж байгаа аж.  

УИС-д 50 мянга орчим оюутан суралцаж байна. Тус сургуулийн дэргэдэх Инновацийн төв 2010 оны 9 дүгээр сард байгуулагдсан бөгөөд инновацийн чиглэлээр судалгаа явуулдаг 81 жижиг үйлдвэрийн газар, инновацийг туршин нэвтрүүлэх хэд хэдэн төв, шинжлэх ухааны багтаамж ихтэй бизнесийн хөгжлийг дэмжих салбарууд уг төвийн бүрэлдэхүүнд багтдаг аж.

Д.Жаргал

 

Related news