9000 шахам тээврийн хэрэгслийн татвар төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-27 21:15:22
Баянхонгор /МОНЦАМЭ/. Он гарсаар Баянхонгор аймагт 9000 шахам тээврийн хэрэгсэл татвараа төлөөд байгаа нь Баянхонгор аймгийн нийт автомашины 80 шахам хувь юм байна. Аймгийн хэмжээнд 18 мянга орчим тээврийн хэрэгсэл байдгаас идэвхтэй буюу хөдөлгөөнд оролцдог /татвар, оношлогоонд тогтмол ордог/ нь 12 мянга байдаг аж.
Татвар төлөлт нийт дүндээ 80 шахам хувь гэдэг нь чамлахааргүй тоо хэдий ч зарим жолооч нарын хувьд иргэний үүргээ биелүүлэх, хуулийн хэрэгжилтэнд дэндүү хойрго хандаж байгаа нь татвар төвлөрүүлэх ажлыг "чангааж" байгаа хэрэг болохыг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, Татварын хэлтэс хамтран “Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Хамтарсан хяналтаар хуулийн этгээд, хувь хүний эзэмшилд байгаа автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгслийг албан татварт бүрэн хамруулах зорилт тавьсан байна. 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэх "Хяналт"-аар татвараа төлсөн тохиолдолд ямарн нэгэн торгууль ногдохгүй ч мөн хугацаанаас хойш Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах аж.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
                                                                                                                                           Б.Мөнхзул
Related news