Гурван талбайт сэлгээг тариалалтандаа нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 14:53:53

Энэ жил Сэлэнгэ аймаг “Ээлжлэн тариалалтын систем” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласнаар гурван талбайт сэлгээг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан байна.

Ингэснээр 18 нэр төрлийн ургамлыг тариалж, хөрсний үржил шимийг хамгаалах арга хэмжээг авчээ. Тухайлбал Сайхан, Жавхлант сумдын Засаг дарга нарын хөрс сайжруулах чиглэлээр хийсэн ажлын туршлагаар цаашид тариалангийн талбайн хөрсийг шинжилгээнд бүрэн хамруулах, төрөл бүрийн  бордоог өргөн хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дагуу 45 аж ахуйн нэгжийн 52.0 мянган га талбайн хөрсийг шинжилгээнд хамруулж, 1251 тн эрдэс болон органик бордоог хэрэглэж, тариалангийн нийт эргэлтийн талбайн 20.9 хувьд тэг болон хучлагатай технологийг нэвтрүүлжээ. Мөн энэ онд бүтэн сарын турш агаарын болон хөрсөн дээрхи хүчтэй халалт ургацын байдалд нөлөөлсөн ч энэ  онд нийтдээ 83.7 мянган тн үр тариа, 38.2 мянган тн төмс, 25.7 мянган тн хүнсний ногоо хураан авч 151.5 мянган тн байгалийн хадлан, 11.6 мянган тн таримал тэжээл хураан авч 125.0 мянган га талбайд уринш бэлтгэсэн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news