Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөдөг бөгөөд томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм.
Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний үйл ажиллагаа, санал санаачилгууд өрнүүлдэг байна.
Архангай аймгийн тухайд МУЗГ-аас хэрэгжүүлж буй хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх сумдад ажиллаж, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хүргэн, тэдэнд тулгамдсан асуудал бүрийг сонсож ажиллалаа.
“Хүүхдээ сонсъё” үйл ажиллагааг 10 дугаар сарын 5-наас 30-ны хооронд зохион байгуулж, 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан юм. Нийт 3450 хүүхэд оролцсон бөгөөд үүнээс 2180 хүүхэд нь цаасаар санал хүсэлтээ өгчээ.
Хүүхдүүдээс цаасаар санал хүсэлтийг нь авахдаа:
Сургуулийн орчинд юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?
Гэр бүлийнхэн чинь чамайг илүү сайн ойлгохын тулд юу хийгээсэй гэж хүсдэг вэ?
Эмнэлгээр үйлчлүүлэхэд чамд юу хэцүү байдаг вэ?
Амьдарч буй орчноо хүүхдэд илүү аюулгүй, тухтай болгохын тулд юуг өөрчлөх вэ? гэсэн асуултын дагуу саналыг нь сонссон байна.
Сургуулийн орчинд бүх ангид үдийн хоол өгөх, багш, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах, спорт заалыг засаж, чөлөөтэй болгох, ариун цэврийн өрөөг тохижуулж, хүртээмжтэй, цэвэр болгох, дээрэлхэлтийг зогсоох, тэмцээн, уралдааныг их зохион байгуулж, дугуйлан, секцийг үнэгүй болгох зэрэг саналыг 1700 орчим хүүхэд хэлсэн байна.
Харин гэр бүлийнхээ тухайд аав, ээжийгээ тогтмол нээлттэй харилцах, ойлгож, дэмждэг байх, уурлахгүй, шүүмжлэхгүй, анхааралтай сонсож, ярилцдаг байх, чөлөөт цагийг хамт өнгөрүүлж, халамжилдаг байгаасай гэдгийг 1200 хүүхэд саналын хуудсанд бичжээ. Харин асуудалгүй, юу ч хүсэхгүй, мэдэхгүй байна гэж 133 хүүхэд илэрхийлсэн байна.
Эмнэлгээр үйлчлүүлэхэд асуудал болон хэцүү зүйл байдаггүй гэж 376 хүүхэд хариулжээ.
Эмч нарын харилцаа, хандлага муу, удаан, хариуцлагагүй, дараалал их, хүлээлгэдэг, тариа тариулж, өвдөх нь хэцүү, хүн ихтэй, их асуулт асуудаг, ичиж, биеэ барьдаг, эмч нар цагтаа ирдэггүй хэмээн нийт хүүхдийн 715 нь хариулжээ.
Сүүлийн асуулт нь амьдарч буй орны аюулгүй, тухтай байдлын талаар байв. Хүүхдүүд нохойгоо уяж, зэрлэг муурыг устгах, гудамж талбайн гэрэлтүүлэг нэмэх, хогийн сав байрлуулах, камержуулалт хийх, явган хүний болон дугуйн замыг нэмэх, томчуудын дээрэлхэлт, харилцаа хандлагыг өөрчлөх зэрэг саналууд эхний долоод эрэмбэлэгдсэн байна.
Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Бид гурван хэсэг болж, 19 сумандаа ажиллаж, хүүхдээ болон бусад холбогдох төрийн байгууллагуудыг сонслоо. Зарим асуудлыг газар дээр нь шийдсэн нь бий. Дараагийн дугаарт хүүхдүүдээс гарсан саналыг эрэмбэлж, асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ. Ирэх жил тайлагнана” гэлээ.